Уг хууль хүчин төгөлдөр болох хугацааг 2012 оны долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр УИХ баталсан юм. Ерөнхийлөгч 30 дугаар зүйлд тавьсан хоригтоо Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн тулгуур зарчмыг үндэс болгон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүчин төгөлдөр дагаж мөрдөх хугацааг 2012 оны тавдугаар сарын 1-ний өдрөөр тогтоон, хэрэгжүүлэх хугацааг наашлуулах нь зүйтэй гэж үзжээ.
Ерөнхийлөгчийн хоригт “Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн 2012 оны сонгуулиар төрийн түшээд сонгогдож улмаар шинэ Засгийн газар, төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд томилогдон ажиллах болно.Энэ хуулийг шинээр сонгогдох болон томилогдох албан тушаалтнуудаас эхлэн мөрдөж хэрэгжүүлэх нь нийгмийн хүлээлт, шаардлагад бүрнээ нийцнэ хэмээн үзэж байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийг тус тус үндэслэн, Улсын Их Хурлын 2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт хэсэгчлэн хориг тавьж байна” гэжээ.
Өнөөдөр УИХ-ын бүтцийн байгууллагуудаар ун хоригийг болон Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Төсвийн тодотгол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн багц хуулийг хэлэлцэх гэж байна.