Зах
хязгаар нь үл харагдах цас, мөсөөр хучигдсан тэнгэр багандсан уулс.
Тэртээх дэлхий анх үүсэхэд л бий болж, өндийн өндийсөөр өнөөдөр бараадах
хайрхангүй болоо юу гэлтэй, цасан уулс. Увс нутаг. Цас, мөсний орон.
Тэнгэрт тулсан уулс нь зундаа ч мөнх цаст. Үүлийг тулан байна уу гэлтэй
харагдах энэ нутагт үргэлжийн мөнхөд өвөл ноёрхдог гэлтэй. Хэдийгээр
хаврын эхэн сартай золгосон ч гадаа хасах 27 хэм. Хүйтнийг үл анзаарах
мэт хурган дотортой дээлийнхээ энгэрийг задгайлж, духдуулан тавьсан
малгайнаас нь уур савсаж, хөөрөг зөрүүлэх нутгийн зонтой мэнд мэдвэл,
-Нам сайхан дулаарчийнаас.
-Дулаарах аа?
-Тэгэлгүй
яахийм. Манайд чинь өвөл хасах 45 хэм хүрдэг биш үү… гэж ирээд л
инээнэ. Тэгж хүйтэрдэг нутгийн хүмүүст хасах 27 хэмийн хүйтэн дулаанд
тооцогдох нь зүйн хэрэг. Харин төвийн дулаантай байрандаа дасч түүнээс
гарсан ч дулаан машин нь гарааштаа сойлттой хотынхонд бас л бэрх даваа.
Гэтэл Увсад өнгөрсөн өвөл гадаа хонуулсан машин тэс хөлдөж, дугуй нь ч
эргэхээ байсан талаар нутгийн залуу хуучилна.
Орсон айл болгон таних, танихгүйгээс үл хамааран хоол, цайгаар дайлан хөл, хөөрцөг болно. Хотын сониныг амьсгал даран сонсоно.
…Цас
ихтэй ч Увсчууд өвлийг өнтэй давжээ. Увс аймгийн төв Улаангом сум хот
төлөвлөлтийн хувьд нэлээд таруу байдалтай. Төв талбайдаа Ю.Цэдэнбал
даргын хөшөөг босгосон агаад нэрээр нь “тамгалж”. Ер нь Увсчууд Бал
даргадаа одоо хэр нь амь. Түүнийг муучилсан хэнийг ч бол энэ нутгаас
хөөгөөд явуулах нь энүүхэнд.
Нутгийн хөгшчүүл элдвийг хөөрөх ч
ойд төөрсөн сармагчин шиг нутгаасаа эрт гарсан мань мэт нь хэлснийг нь
багцаагаар л ойлгоно. Гурилыг гуир гэх бол элдүүр, ганжинг ганбинз,
гурилын модыг нь лагд гэнэ. Ганга, жалгыг гануу гэх жишээний. Чийрэг,
өвлийн хүйтэн агаарт зохицсон уу гэлтэй ялимгүй хянгандуу хамар,
яралзсан цагаан шүд, шардуу царайтай нутгийнхан яриандаа голдуу
“байжээнээ, ийм л биш үү” гэх үгсийг хэрэглэнэ.
Болсон явдал
эсэхийг нь мэдэхгүй юм. Хөгжилтэй гэмээр нэгэн яриа бий. Дээхэн үест
Увсын нэгэн хөгшнийг мал хулгайлсан хэрэгт татсан гэдэг. Багагүй
хугацааны дараа өвгөн ч өчгөө өгч.
-Та хаанаас үхэр хулгайлсан бэ?
-Көсрийн дээс кэвтэж байкаар нь л авав биш үү…
-Дээс гэж үхэр хулгайлсан биз дээ?
-Yзүүрт
нь үкэр байсныг нь кэн мэдлээ гэснээр хэргээ хүлээсэнд тооцож яллажээ.
Харин сайх өвгөнөөс шоронгийнхон ямар хэрэг хийснийг нь асуувал,
-Гvжир /гүтгүүлчихлээ/ л биш үү .
-Тэгээд яагаад энд ирчихээ вэ?
-Тулгачихав/хэрэг
тулгаад хvлээлгэчихсэн/ л биш үү гэсэн гэдэг. Энэ мэтээр аялгыг нь
мэдэхгүй хүнд хөгжилтэй ч гэмээр хууч хөөрнө.
Малын хулгай
гэснээс сүүлийн жилүүдэд Тувагийн “боохойнууд” мал туух явдал ор тас
үгүй болчихоогүй ч багассан гэсэн. Харин орон нутгийн удирдлагууд нь
төсвийн хөрөнгөнөөс овоо “туудаг” болжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л
Засаг дарга Э.Цасчихэрийгээ АТГ-т өргөдөл өгч шалгуулж эхэлжээ. Түүнийг
шалгуулах болсон шалтгаан нь Увсын Нарийн, Тээл голын гүүр. Гүүр барих
хөрөнгө болох 1,8 тэрбум төгрөгийг хэдэн жилийн өмнө шийдвэрлэж
“Мөнхжин-Өргөө” компаниар гүйцэтгүүлэхээр болжээ. Өдгөө байдал хэдэн шон
босгосноос хэтэрсэнгүй. Зураг төслийг нь буруу боловсруулсан гэдэг
шалтгаантай. Зураг төслийг нь буруу байхад зарцуулах хөрөнгийг хэн
өгчихөв гэдэг асуулт харин хариултгүй “тэнэнэ”. Тээл ч ялгаагүй. 98 сая
төгрөгийг тус компанид олгосон ч мөн л зураг, төслийн гэх шалтгаанаар
таван шон хатгаад орхижээ. Харин төсвийн 600 сая төгрөг хаашаа орсон нь
мэдэгдэхгүй алга болжээ.
“Мөнхжин-Өргөө” гэгч компани хөрөнгийг
нь авсан хэрнээ гүйцэтгэлээ гүйцэтгэдэггүй шалтгаан нь Засаг даргатай нь
холбоотой гэцгээнэ. Хэрэгт холбогдоод буй эзнээс нь асууя гэх ч “Хот
руу явсан” гэсэн шалтгаанаар Тамгын газрынхан нь оруулсангүй. Томоохон
дарга нарыг нь асуувал бас л цоожтой хаалгыг заана. Баттай мэдээллээр
тус компанийн 25 хувийг Б.Цасчихэр эзэмшдэг аж. Гэсэн хэрнээ тэрбээр
хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үүнийг дурдаагүй. Харин Улсын бүртгэлийн
газраас түүнийг хувь эзэмшдэг болохыг нь нотлоод буй. Түүгээр зогсохгүй
дээрх компаниуд нь 24 айлын орон сууцыг 476,7 сая төгрөгөөр барихаар
шалгарч мөнгийг нь авсан ч нэг давхарыг нь хасаад барьчихаж. Гайхан
асуув.
Нутгийнханд “Төсвийн олгосон мөнгө нь хүрэлцээгүй” гэсэн
ганцхан өгүүлбэр л хэлжээ. Харин цаасан дээр дурайх баримтууд арай
өөрийг өгүүлнэ. Анх баталсан 476,7 сая төгрөг дээр нэмж 130-аад сая
төгрөгийг нэмж, нийт 602 сая төгрөг зарцуулжээ. ИТХ-ынх нь төлөөлөгчдийн
хэлж байгаагаар Э.Цасчихэр нь 760 гаруй сая төгрөгийн өртэй болохыг
шүүхийн шийдвэрээр нотолсон гээд байгаа юм. Гэсэн ч Увсын “вант улс”-ын
тэргүүнд энэ нь “проблем” биш бололтой. Өнгөрсөн жилийн эхний сард өрөө
барагдуулсан гэнэ. Э.Цасчихэрийн “Мөнхжин”, түүнийх нь охин компани
болох “Мөнхжин-Өргөө” компанийн сүүлийн гурван жилийн татварын тайланг
шалгуулахад өрөө төлөх нь байтугай хорь дахин хуваасантай нь тэнцэх
хэмжээний орлого олоогүй нь тогтоогджээ.
Засгийн
газрын хийсэн нэг том ажил нь “Атарын III” аян. Үүний хүчинд монголчууд
өөрсдийнхөө гурилын жилийн хэрэгцээг хангах чадалтай болсон хэмээнэ.
Харин Увсад энэ аян арай өөрөөр хэрэгжжээ. Энэ аяны хүрээнд аймгийн
хэмжээнд хэд хэдэн хүн нэг жилийн байтугай хэдэн арван жил идчих
хэмжээний мөнгөтэй болсон дуулдана. Түүний нэг нь бас л нөгөө муу Засаг
дарга аж. Түүнийг “Атарын III аян”-ы шугамаар авсан 200 сая орчим
төгрөгийн зээлээ адууны наймаанд зарцуулж, мөнгөө төлөлгүй найрлаж
суудаг талаар үлгэр, домог шиг яриаг Цэдэнбалын талбайгаар явсан хэн ч
дэлгэх юм билээ. Ялангуяа талбайн хажууханд нь байрлалтай сөрөг
хүчнийхэн бол бүр л их тоочно. Харин хэл амны бай болсон мөнөөх эрхэм
алга. Чихээ дүнгэнүүлсэн шигээ хотоор айлчилж буй сурагтай. Газар,
тариалангийн үр шим нэг иймэрхүү. Тэгээд уул уурхайгаас овоо ашиг олдог
юм болов уу гэж бодтол бас л үгүй. Гайгүйхэн орд нээлээ гэхэд
гадаадынханд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар тэргүүтнүүд сая
сая доллар хүргээд “зарчихдаг” юм гэсэн. Нутгийн иргэдэд адаглаад ногдол
ашиг өгдөггүй гэж байгаа. Баримттай биш ч иймэрхүү барин тавин яриаг
оргүй хоосон гэдгийг батлах баримт бас үгүй. Увс аймгийн Хөдөлмөр,
халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Ганболд гэж Засгийн газрын хэрэг
эрхлэх газрын даргын ах нь байдаг гэх. Энэ хүн төсвийн мөнгөөр хийгдэж
буй, төсөл хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй бүхий л ажлыг дүүтэйгээ холбон
тайлбарладаг аж. Зам барилаа, Ч.Хүрэлбаатар бариулж байгаа. Сургууль
заслаа, Ч.Хүрэлбаатар засуулж байгаа. Хог цэвэрлэлээ ч Ч.Хүрэлбаатар.
Түүн шиг хөрөнгө оруулагч, хөдөлмөрийн баатар алга аа, тэнд. Үнэн
хэрэгтээ түүний оролцоотой нэг ч бүтээн байгуулалт байхгүй. Ямбалахыг нь
би янцаглахыг нь чи гэдэг шиг л… Гэлээ ч төсвийн хөрөнгөөр хийгдэж
буй бүх хөрөнгө оруулалтыг түүний гавъяа болгон тайлбарлах нь
доодчуудынх нь гэм биш зан гэлтэй. Ер нь энэ мэтээр Ч.Хүрэлбаатар
бүтээгээд л, зохицуулаад байхад л Увсынхан их ядуу амьдардаг юм билээ.
Хүн амынх нь 51 хувь нь ядуу гэсэн статистик байх.
Энэ
хөтөлбөрийг түүхийг ярьвал Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Ч.Хүрэлбаатар, түүний бие төлөөлөгч гэх /нутгийн иргэд 77 дахь гишүүн
гэх бөлгөө/ Чимэддорж, аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нарын гурван хүний
чих бас л хангинана. Уржнангийн зуднаар тус аймгийн малаа алдсан
иргэдийг малжуулахаар 320 сая төгрөг хуваарилжээ. Энэ мөнгөний 23 саяыг
нь үйл ажиллагааны зардал нэрийдлээр Чимэддоржид өгсөн байна. Тайланд нь
аудит хийхэд 8,9 сая төгрөгийг нь томилолтод зарцуулсан гэж мэдүүлжээ.
Сонирхолтой нь аймгийн Тамгын газрын ажилчдын жилийн нийт томилолтын
зардалд гурван сая төгрөг зарцуулдаг баримт байх юм. Харин зургаан сая
төгрөгийг нь мал авахын тулд жийп машинаар явсан шатахууны зардалд
зарцуулсан гэж мэдүүлжээ. Тухайн үеийн ханшаар тооцвол таван тонн
шатахуун авах мөнгө гэсэн үг. Түүнчлэн мал ачуулахад зургаан сая
төгрөгийг зарцуулсан байна. Хамгийн эгдүүцмээр нь нутгийн малчидтай
уулзахад өнчин хурга ч өгөөгүй шүү гэв.
Энэ мэтээр Увсад төрийн
алба хашсан хүн нь хэмжээлшгүйгээр баяждаг, шударгаар бизнес хийсэн нь
хоосордог тийм л урвуу тогтолцоо үйлчилж байна. Тиймээс ч нутгийн иргэд
Засаг даргынхаа араас залгуулаад нутгийн удирдах байгууллагын хэд хэдэн
төрийн түшмэлийг АТГ-т аваачиж тушаахаар бэлтгэж буй аж. Товчхондоо орон
нутгийн засаг, захиргааг МАН бүхэлдээ эзэмшдэг гэж болно. Тиймээс ч
бүхий л зүйл тэдний ааш, аягаар болдог гэсэн үг. УИХ-ын гишүүн
Б.Чойжилсүрэнгийн гэх тодотголтой хэдэн зуун га-гаар хэмжигдэх газар ч
харагдаж л байна. Түүнийг “Орон сууцны хороолол барьж өгнө” гэж амалж
сонгогдсон гэх ч энэ ажил нь эхэлсэн төдийхнөөс цаашгүй.
Увсад
хэн бүхнээс илүү эрх мэдэлтэй нэгэн хүн бий гэлцдэг нь түрүүн цухас
дурдсан 77 дахь гишүүн буюу “суурин төлөөлөгч” Чимэддорж. Түүнийг бүгд
77 дахь гишүүн гэх агаад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын бие төлөөлөгч.
Энэ нутгийн бүхий л шийдвэр, захирамж түүний оролцоотойгоор хүчин
төгөлдөр болдог гэх нь бас л хачирхалтай. Сургуулийн үйлчлэгчийг
сонгохдоо ч тэр л хүнээс асуухгүй бол эргээд халахад хүрдэг ажээ. Ер нь
авлига гээч газар авсан газар юмсанж. Бүр нутгийн иргэдийн 51 хувийг
ядууртал нүүрлэчихсэн шүү. Улаангом сумын төвөөр салж унах шахсан
“эксель”-тэй жолооч нар хаашаа ч явсан 1000 төгрөгийн өртөгтэй үйлчилгээ
үзүүлнэ. Харин төрийн жирийн албан хаагч нь “Ланд крузер-200” жийп
хөлөглөнө. Төрийн албаны үнэ цэнэ, үр өгөөжийг ёстой эдлэх шиг эдэлж
байна уу гэлтэй.
Гэхдээ Увсчууд уурсч бухимдахаасаа илүүтэй
урдах ажлаа ургах нарнаас урьдаж амжуулахаар ажиллана. Ингэснийхээ үр
дүнд ч 2011 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Увс аймгийн мал сүрэг
таван төрөлдөө 200 мянган тоо толгойгоор өсчээ. Өнгөрсөн жил тус аймаг
15191 тэмээ, 61651 адуу, 94722 үхэр, 842889 хонь, 798827 ямаа, нийтдээ
1813280 малыг урьдчилан тоолуулаад байна. Тус аймгийн мал сүргээс тэмээ
672, адуу 1933, үхэр 10344, хонь 65964, ямаа 115055 толгойгоор тус тус
өсч, мал сүргийн өсөлт 112 хувьтай байна.
Төв талбайд нь байрлах
дэлгэцээр миний анзаарсанаар хоёр өдрийн турш “МАН-ын түүх”
үргэлжилсэн. Одоо сонгууль дөхсөн болохоор улам д олон өдөр үргэлжлэх
байх. Увс аймагт МАН-ын түүх үргэлжилснээр талаас илүү хувь нь ядууралд
нэрвэгджээ. Уг нь урин цаг айсуй. Гэвч Увсад “уур амьсгал” дулаарах ч
хол байна даа, хол байна.