Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэл, технологи хөгжиж, мэдээллийн эрин зуун улам бүр дэвжин, дээшлэхийн хэрээр бүх юмыг “машиндах” болж. Энгийн хуванцар материалаас авахуулаад нарийн аргачлалтай тоон технологийг хүртэл. Бүр цаашлаад хүнийг хүртэл машины тусламжтайгаар олшируулдаг болж. Улам бүр хөгжихийн хэрээр хүн болгоны машиндах хүсэл нэмэгдсээр л…

Харин Монголд бүх юмыг машиндах гээд байдаг болж. Гэхдээ Монголд хэрэглэж байгаа машиндах гэдэг ойлголт дэлхийн ойлголтоос шал ондоо. Дэлхийд машиндах гэдгийг ямар нэгэн машины тусламжтайгаар шинэ бүтээгдэхүүн “төрүүлэх” гэж ойлгогддог бол Монголд хүний тусламжтайгаар өмнөхөөсөө өсч үржихийг хэлээд байх шиг. Хүүхэд төрүүлсэн эхчүүдийг хэдэн хүүхэд гаргасан зэрэглэлээр нь шагнана. Дөрвөн хүүхэдтэй бол алдарт эхийн хоёрдугаар одон, түүнээс дээш бол нэгдүгээр зэрэглэлийнх болно гэж байгаа. Алдарт Мерседес-Бенз компани машины эд анги хэр зэрэг хурдан хугацаанд угсардгаар нь давхар болгонд хуваарилсан байдагтай яг адилхан. Гэтэл байгалийн жамаараа төрж байгаа эхчүүдийг ингэж дугаарлаад байдаг. Төрийнхний үзэж байгаагаар бол нэг хүүхэдтэй ээж ямар ч “алдар”-гүй болж таарч байна. Одоо бүр дөрвөн хүүхэдтэй айлд байр олгоно гэж яриад байдаг. Ёстой л нөгөө “машиндах” гэдэг нь энэ. Танд байгалиас заяасан чадвар, басхүү хамтрагч чинь байвал та төрийн “алдар”-ыг хүртэж, аль нэгэн хороололд байртай болох боломж байна.

Сар болгон 21-70 мянган төгрөгийг улсын өнцөг булан бүрт тарааж машиндана. Хүмүүс түүнд нь дугаарлаж, заримдаа бүр зодолдох шахна. Харин маргаашнаас нь эрүүлжүүлэхүүд дүүрч цагдаа нар ажилтай хононо. Гэхдээ хождог нь бас бий. Баар, зугаа, цэнгээний газруудыг мөнгөөр угжина. Магадгүй тэд энэ өдрийг бусад өдрөөс илүү хүлээдэг ч байж болох. Ингэж мөнгийг ч, архидалтыг ч, авилгалыг ч “машиндана” шүү дээ.

 Бас УИХ нэртэй газар нь хуулийг “машиндана”. Ямар нэгэн баяр тааруулаад, эсвэл амарч, амарч орж ирээд эхний долоо хоногт нь баталдаг гэж байгаа. Харин маргаашнаас нь авахуулаад хүмүүс шүүмжлээд, Цэцийг ажилтай болгоно. Бас болоогүй шөнө оройн цагаар хуралдаж болсон болоогүй хууль батална шүү дээ. Ингэж хуулийг “машиндана”. Дараа нь ямар нэгэн баярын өдрөөр намууд нь гишүүдээ “машиндана”. Сая болж өнгөрсөн эх орончдын өдрөөр Ардын нам нь 1921 залуу гишүүнийг элсүүлсэн гэж байгаа. Зөвхөн ганцхан өдөрт шүү дээ. Ингэж намын батлахаа “машиндана”. Намын гишүүнтэй адилхан жил бүр төрийн албанд ажиллах ажиллагсадын тоо нэмэгддэг гэж байгаа. Зөвхөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд л гэхэд бид төрийн албанд 62 мянган хүнийг “машиндаад” хаячихаж. Харин хувиараа ажиллаад, ажлын байр нэмэгдсэн үү гэвэл түүн шиг худал юм байхгүй.

Машиндаад байвал дуусахгүй олон юм бий. Утаанаас авахуулаад, сургуулийн хүүхдүүдэд тараадаг хоол хүнс, дээрээс нь цаг минут тутам өсч байгаа “ДОХ”-оор өвчлөгсдийн тоо гээд л. Дэлхийн жишигт ямар нэгэн томоохон бүтээлийг машиндаж байхад бид нийгмийн амьдралд улам тээг, тушаа болж байгаа зүйлсийг машиндаж байна.

Хүн хүнээ машиндах ойлголтоос гарсан зарим нэгэн ойлголт бас байнаа. Саяхан баталсан сонгуулийн хуулиар сонгуулийг жинхэнээсээ машиндах болж таарч байгаа. Тэр машиныг нь АНУ-аас авчруулж санал тоолох юм гэсэн. Чухамдаа хүний хэрэг тэнд байхгүй болох юм байх. Басхүү сонгогч танд үнэмлэх гээч юм хэрэггүй. Учир нь зургадугаар сарын 21-нд үнэмлэх тарааж дуусаад хэд хоногийн дараа та тэр үнэмлэхээрээ санал өгөөд машинаар тоолуулах ёстой. Ингэж сонгуулийг жинхэнээсээ машиндах хуультай. Харин үүнийг л МАН-ын нөхөд “машиндаж чадахгүй” гэнэ. Машиндахгүй юмыг бишгүй л машиндах мөртлөө машиндах юмаа л харин “машиндахгүй” гэх юм даа. 

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж