”Зургаан хувийн зээл олонхид хүндрэлтэй тусна”

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

”Зургаан хувийн зээл олонхид хүндрэлтэй тусна”

Монголын эдийн засгийн чуулга уулзалт гурав дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж өчигдөр эхний хуралдаануудаа хийлээ. Тус чуулга уулзалтад гадаад, дотоодын 1000 гаруй төлөөлөгч оролцож байгаа ба Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад бизнесийн байгууллагууд ямар үүрэгтэй ажиллах талаар онцлон хэлэлцэж, ядуурал зэрэг асуудлаас хэрхэн ангижрах тухай саналууд гарч байв. Ингээд энэ хуралдааны дундуур эдийн засагч, доктор Н.Дашзэвэгтэй ярилцлаа.

-Эдийн засгийн фо­рум эхний өдрөө ху­ралд­­лаа. Энэ удаагийн хурал­даа­наас ямар үр дүн хүлээж байна?

-Форумаар ямар асуудлыг хэлэлцэхээ тохирдог. Чадвал нэгдсэн байр сууринд хүрдэг, чадахгүй бол нэг удаа яригдаад л өнгөрдөг. Харамсалтай нь энэ удаагийн чуулганаар гол асуудлаа ярьж чадахгүй, харин ч баахан улстөрчид цаг нөгцөөгөөд л өнгөрөөлөө. Сэтгүүлчид “Монгол Улсад хөгжлийн ямар стратеги байх ёстой юм” гэж асуугаад байхад Ерөнхий сайд нь ч, Шадар сайдаар ажиллаж байсан хүн нь ч хариулж чадахгүй байна.

Монгол улсын хөгжлийн стратегийн амин сүнс нь ард түмний амьдралын түвшин байх ёстой. Үүнийг цалин, орон сууцны хангамж, эрүүл мэнд гээд олон салбарлаж болно. Хамгийн гол нь арван жилийн дараа манай улс ямар зүйлд хүрэх вэ гэсэн стратеги, төлөвлөлт байх ёстой. Үүнийгээ ярих хэрэгтэй. Гэвч ерөнхий зүйл ярьсаар хамаг цагаа өнгөрөөлөө. Чуулган дээр ярих хүрээг нь тодорхой зааж өгөөгүйгээс хүн бүр өөр өөрийнхөөрөө ярьж байна. Миний хувьд ядууралтай тэмцэх төрийн байгууллага байх тухай санаагаа дахиж хэлсэн. Одоо бол ямар ч төрийн агентлаг, яам ядуурлын асуудлыг харуицахгүй байна шүү дээ. Ядуурал гэдэг зүйл сонгууль болох үед л улстөрчид гаргаж ирж ярьдаг зүйл биш. Иймдээ ч өнгөрсөэ 22 жил ядуурал буурсангүй, харин ч нэмэгдлээ. 2002 онд ядуурлыг 32 хувьд хүрч байна гэж ярьдаг байсан бол одоо 39,2 хувьтай гэж байна шүү дээ.

-Эдийн засгийн өсөлт нь бодит өсөлт болж ча­дахгүй байна гэсэн үг үү?

-Манай эдийн засгийн өсөлтийг ерөнхийд нь уул уурхайн салбарын өсөлт л хангаж байна. Гэтэл энэ нь өндөр техник, технологийн хүчээр явж байдаг болохоор цөөхөн хүний л цалин өсч, амьдрал нь дээшилдэг. Өөрөөр хэлбэл нийт массад хамаарал багатай. Гадагш гарч буй олборлосон бүтээгдэхүүн ДНБ-ний үзүүлэлтийг өргөөд байгаа тул эдийн засаг нь өсч байна. Эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарлаа, энэ удаад 25 хувьтай боллоо гэдэг нь бодит өсөлт биш. Нөгөөтэйгүүр эдийн засаг өсөөд байхад ард түмний амьдрал өсөхгүй байна гэдэг бодлогын алдаа байгааг л харуулж байна. Уул уурхайн салбарын өсөлтийг ард түмний амьдралтай холбосон бодлого явуулж чадахгүй л байна.

-Тэгээд ямар бодлогоор холбоно гэж. Жишээлбэл?

-Эдийн засгийн яам байгуулах хэрэгтэй шүү дээ. Амжиргааны түвшин дээшилж буй эсэхээр үзүүлэлтээ дүгнэдэг яам байх ёстой. Одоо нийт хүн амын 40 хувь ядуу, дахиад 20 хувь нь энэ үзүүлэлтэд орон ядан дэнжигнэж байна. Бид ганц уул уурхайн салбарт түшиж явахгүй. 50-100 жилийн дараа нөөц дуусна. Энэ үед бусад салбар хөгжөөгүй байх юм бол бид л хохирно шүү дээ. Африкийн нэг улс орд газартай болоод нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр дэлхийд хоёрт ороод гучин жилийн дараа орд нь шавхагдаад хамгийн ядуу орон болж байсан жишээ ч бий.

-Уул уурхайн бус сал­барыг хөгжүүлэх болом­­жууд харагдаж байна уу?

-Асар олон боломжууд байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эд дээр түшиглэж болно. Технологийг ашиглах боломж ч байна. Нүүрсээ, төмрийн хүдрээ иж бүрэн боловсруулах хэрэгтэй байна. Нүүрснээс шингэн гаргаж авч, төмрийн хүдрээр труба, арматураа яагаад хийж болохгүй гэж. Гэвч үүнийг хөгжүүлж чадахгүй л байна.

-Төрийн бодлого боловсруулагч­дад их учир байна аа?

-Төрийн түшээд өөрт оногдсон тэрбум орчим төгрөгөө л мэдэж байх шиг байна. Үүнийгээ аль болох олон хүнд хүртээх гэж байшингуудын дээвэр засах, цахилгаан шат сэлбэх зэргийг хийдэг. Энэ нь мэдээж санал авах гэсэнтэй нь холбоотой. Яах вэ, сүүлийн жилүүдэд ЖДҮ-ийг дэмжихэд зориулж тодорхой хөрөнгө гаргаж байна. Арилжааны банкууд ч үүнд оролцож байна. Гэвч үүнд тодорхой бодлого алга. Хэнд хэдийг өгөв гэ гэсэн эцсийн шийдвэрийг банк гаргаж байгаа. Тэд барьцаа хөрөнгөтэй, бушуухан шиг л мөнгийг нь буцааж өгөх тэр төслийг санхүүжүүлэх болохоос биш, Монголд улсад хэрэгтэй ч тодорхой хэмжээний эрсдэлтэй төслийг санхүүжүүлэхгүй. Сүүлийн гурван жилд ЖДҮ-ийг хөгжүүлэхэд зориулж 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэж байна. Гэтэл энэ хугацаа өнгөрөхөд Монгол улсын экспортыг орлосон, импортод гаргасан тийм гэх үйлдвэрлэл хаана байгаа юм. Сүүлд нь нэг ургамлын тосны үйлдвэр л харагдаж байна билээ. Гэвч энэ бол яасан ч хангалттай зүйл биш.

-Тэр их мөнгийг юунд зарцуулж байна?

-21 аймаг, 330 гаруй сум гээд л тараачихаар нөгөө мөнгө чинь хаанаа ч хүрэхгүй болчихож байгаа юм. Орчин үеийн технологийн баазтай, өндөр хүчин чадал бүхий үйлдвэр барих боломж ингээд байхгүй болж байгаа юм. Ингээд хорь хүрэхтэй, үгүйтэй хүнийг цалинжуулсан нэг жижигхэн зүйл л болно.

-Төрийн эдийн засгийн бодлого ил харагдаж буйгаар “мөнгийг хэрхэн үрэх” тухай л байх шиг…

-Энэ асуудлыг хариуцсан газар байхгүй явсаар байгаа тул ингэхээс аргагүй юм даа. Юу хийх тухай юм гэвэл энгийнээр ядууралтай тэмцэх л шүү дээ. Манайд эдийн засгийн яам байхгүй юм чинь эдийн засгийн үйл явцууд уялдахгүй байна. Хэдий энэ харилцааг хариуцах чиг үүрэг бусад яамдад байдаг ч нэгдсэн бүтэцгүй тул ямар ч үр дүн харагдахгүй. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаман дээр буух л байх. Гэхдээ энэ яамны үйл ажиллагаагаар Монголын ядуурал буурна гэж байх ч үгүй. Энэ яам дөрвөн жилийн өмнө 70-80 тэрбум төгрөгийг нийгмийн халамжинд зарцуулдаг байсан. Энэ үед ядуурлын түвшин 32 хувьтай байлаа. Одоо тав дахин их буюу 400 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна. Халамжилдаг мөнгө тав дахин өсөхөд ядуурал долоон хувиар өснө гэхээр нийгмийн халамжаар ядуурлыг бууруулна гэж байхгүй. Монголын ядуурал малчид, багш нар гээд нийгмийн бүх хэсэгт байна. Энэ бүхэнд тус тусад нь ялгамжтай бодлого хэрэгжүүлж байж ядуурлаас гаргана. Тухайлбал, бусад оронд багш нар нийгмийн дундаж давхаргад ордог. Хувьдаа байр машинтай, цалингийнхаа тодорхой хэсгийг хадгаламжиндаа хийх боломжтой. Гэтэл Монголын багш нар ядуу гуйлгачин болоод байгаа юм биш үү. Сургуулийнхаа гуанзнаас хоол зээлж иддэг, цалин нь хүрэлцэхгүй байна. Үүнээс харвал цалинтай хүмүүс ядуу ангилалд орж байна.

-Байгаа бүтцээрээ энэ асуудлыг шийдэж яагаад болохгүй гэж?

-Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, НХХЯ гээд байгууллагуудад ямар ч уялдаа байхгүй байна. Үндэсний хөгжил шинэтгэлийг хороог хэн ч тоохгүй байна. Яг л цаг уурын газар гэдэгтэй адилтган үзэж байна. Уг нь бол Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо чинь чиг үүргийн яам байх ёстой. Яамны дээр байдаг яам байх ёстой. Ийм яамтай байсан болоод Хятад улс ядуурлынхаа үзүүлэлтийг бууруулж чадсан. Одоо бол 1,2 тэрбум хүнийх нь 2 орчим хувь нь л ядуу ангилалд багтаж байна. Орост эдийн засгийн хөгжлийн яам гэж мөн адил чиг үүрэгтэй яам байна. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо нь шадар сайдын эрх хэмжээтэй байж, сайд нарыг, аймгийн засаг даргыг шууд дуудаж үүрэг даалгавар өгдөг байх ёстой. Би сүүлд нэг хуралд нь оролцсон. Гэтэл Сангийн яамны энгийн нэг мэргэжилтэн Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны орлогч даргыг огт ойшоохгүй байна. Одоо засгийн газар утаатай сайн тэмцэж байгаа. Ерөнхийлөгчийн дэргэд бүтэц бий болгоод сар бүр хуралдаад, утаа хэрхэн хаана багасч байна гэдгийг судалж, хэн юу хийх ёстой талаар үүрэг даалгавар авцгааж байна. Яг үүн шиг ядууралтай тэмцэх хэрэгтэй байхгүй юу.

-Энэ хороог яамны хэмжээнд аваачаад юу хийлгэх юм?

-Эхний ээлжинд улсынхаа эдийн засгийн хөгжлийн стратегийг дөрөв, найм, арван зургаан жилээр тодорхойлох хэрэгтэй. Зорилгоо тогтоосны дараа тодорхой зорилтуудаа гаргах ёстой. Энэ яаман дээр энэ жил, дараа жил хүмүүсийн бодит орлого ямар байхыг тодорхойлох ёстой.

-Энэ удаагийн форум дээр нийтлэлч Баабар “хөгжлийн эхлэл цэг байхгүй байна” гэх санаагаа хэлэхдээ улс төрийн намууд арав хорин жилээр төлөвлөлт гаргах нь буруу” гэх санааг хэлнэ билээ. Таны сая хэлсэнтэй зөрж байна даа?

-Би санал нэгдэхгүй. Баабар “хорин жилийн дараах зүйлийг бид тааж мэдэхгүй” гэж байна. Гэвч үүнийг төсөөлөх ёстой. Гэхдээ бүх төсөөлөл магадлал, сценари дээр тодорхойлогдох хэрэгтэй. Бүх улсад ийм төлөвлөгөө байна. Хорин жилийн дараа нефтийн үнэ хэд байхыг мэдэхгүй ч одоо ч хомсдоод байгаа юм чинь үнэтэй болох нь гэх таамаглал гарах нь тодорхой.

-Эдийн засагч хүний чинь хувьд асуух зүйл байна. Зургаан хувийг хүүтэйгээр орон сууцны зээл гаргахаар болсон энэ шийдвэрт дүгнэлт хийгээч?

-Ер нь бол дийлэнх олонхид хүндрэлтэй тусна. Доод зах нь сая төгрөгний орлоготой хүмүүст одоогийн байрны үнийг хорин жилд хувааж өгөх боломжийг л бий болгож байгаа. Түүнээс биш дийлэнх хэсэгт боломжгүй зүйл. Юугаа зээлэндээ өгч, юугаараа амьдрах билээ. Банкны зээлийн хүү 10 гаруй хувьтай байхад нь 700 гаруй тэрбум төгрөгний зээл авчихсан байгаа гэдгээс нь харахад яах вэ, бас нэлээд олон хүн энэ зээлд хамрагдах байх.

-2012 оны сонгууль эдийн засагт ямар нөлөө үзүүлэхээр байна?

-Хоёр сөрөг нөлөөг таамаглаж байна. Баахан мөнгө цацаж байна, гэхдээ хөрөнгө оруулалтад биш. Урт хугацаанд өгөөжөө өгөх зүйлд биш нэг удаад хэрэглэх зүйлд зарцуулж байна. Хоёрдугаарт, улс төрийн намууд дахиад л биелэгдэшгүй амлалт аваад эхэллээ. Монгол Ардын нам ирэх дөрвөн жилд төсвийн байгууллагад ажиллагсдын цалингийн дундаж хэмжээг 1300 ам долларт хүргэнэ гэж амлаж байна. Хэдий сая гурван зууг өгч болох ч ард нь хувийн хэвшлийнхнийг чирнэ гэсэн үг. Эцсийн дүнд хувийн хэвшлийнхэн баялгийг бүтээдэг болохоос биш төрийн албан хаагчид бүтээдэггүй. Ингэж амлаж байгаа юм бол бусад намууд сонгуульд орохдоо хоёр сая төгрөгний цалин гэж амлаад л эхэлнэ шүү дээ. Амлахгүй гэсэн мөртлөө амлаад байна шүү дээ.

Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж