УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр эхэллээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын шүүхий тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлүүдийг хэлэлцэхээр болсон билээ. УИХ-ын ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нээж, “УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй цаг үеийн асуудал, зайлшгүй шийдвэрлэх шаардлага гарсан. Эдгээрээс хамгийн чухал нь 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой болохыг”  онцлоод, цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэх нь бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгддөг сөрөг талтай ч зөв зохион байгуулж чадвал эдийн засагт эерэг үр дүн дагуулна, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, худалдан авах чадварыг дээшлүүлэх нэг арга болно гэлээ.

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх бас нэг чухал асуудал нь Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Ардчилсан намын бүлэг УИХ, орон нутгийн сонгуулыг нэг өдөр явуулах тухай хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалтыг дэмжиж байгаа бол МАН-ын бүлэг эсрэг байр суурьтай байгаа. Хэрэв намын бүлгүүд саналаа нэгтгэж чадвал ээлжит бус чуулганыг товлосон хугацаандаа завсарлуулах боломжтой.  Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг,  МАН-ын бүлгийн хувьд энэхүү тав хоногийн хугацаанд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл дээр зөвшилцөж, нэг ойлголцолд хүрэн УИХ-аар батлах чухал үүрэг ногдож байгааг УИХ-ын дарга мөн сануулсан. Ээлжит бус чуулганы нээлтэд гишүүд 76,3 хувийн ирцтэйгээр оролцлоо. Маргааш байнгын хороод, нэгдсэн чуулган хуралдана.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж