IX Богдын эрдэнийн шарилыг занданшуулж засна

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

IX Богдын эрдэнийн шарилыг занданшуулж засна

Монголын бурхан шашны тэргүүн, дээрхийн гэгээнтэн IX Богд Жибзундамба хутагт Жамбалнамдолчойжижанцан ХYII жарны баясгалант хэмээх хар усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман буюу бурхан багшийн их дүйчэн  билигт сайн өдрийн өглөө жанч халж, нирваан дүрийг олсон билээ. Тэрээр амьд ахуй цагтаа сүсэгтэн олон шавь нартаа сургааль номоо айлдаж эх болсон Монгол нутагтаа эргэн төрөх болно гэдгээ хэлж, сүсэгтэн олон ч мөн тэгж хүсч залбирахыг захиж байсан билээ.


IX Богдыг хэрхэн хөдөөлүүлэх, хойд дүрийг нь хэзээ, яаж тодруулах талаар  Гандантэгчилэн хийдийн хэвлэл мэдээлэл хариуцсан төлөөлөгч С.Даваапүрэвээс тодрууллаа.

-IX Богд гэгээнтнийг хэзээ хөдөөлүүлэх вэ?

-За одоогоор яг тэгнэ, ингэнэ гээд шийдчихсэн юм байхгүй байна. Ямар нэгэн шинж тэмдэг үзүүлэхийг л хүлээж байна даа. Агуу хүмүүн бүхэн хойд төрлөө олж сүнс нь биенээсээ гарахдаа заавал ямар нэгэн шинж тэмдэг үзүлдэг учиртай. Тэрийг л хүлээж байна. 

-Ямар шинж тэмдгүүдийг үзүүлдэг юм бол?

-Ямар ч шинж тэмдэг үзүүлж болно л доо. Яг тэгдэг гээд хэлчихэж болохгүй зүйл шүү дээ. Шинж тэмдэг үзүүлтэл ямар нэгэн юм хийхгүй. Ер нь анагаах ухаанаар бол үүнийг үхэл гэж ярьдаг ч манай буддын шашинд үүнийг үхэл гэж хэлэхгүй. Хэдийгээр амьсгалахгүй байгаа ч гэсэн сүнс нь биенээсээ гараагүй байгаа болохоор үхэл биш юм.

-Богд гэгээнтний эрдэнийн шарилыг яаж хөдөөлүүлэх вэ?

-Ер нь бол занданшуулж засна. Энэ нь их нарийн дэг журамтай байдаг юм.

-Богд гэгээнтний хойд дүрийг хэзээ тодруулах вэ. Хүмүүсийн ам дамжин яригдаж байгаагаар IX Богд амьд ахуй цагтаа өөрөө хойд дүрээ тодруулчихсан гэх юм билээ?

-Хутагтийн хойд дүрийг нь тодруулах асуудал яагаа ч үгүй байна. Дөнгөж л хойд дүрийг нь тодруулах комисс байгуулагдаад байна шүү дээ. Энэ бол олон жилээр яригдах асуудал. Хутагтын хойд дүр хэзээ ч тодорч болно. Үүнийг яг тэдэнд гээд хэлчих боломжгүй. Ер нь маш нарийн дэг жаягтай зүйл. Харин тэр амьд ахуйдаа хойд дүрээ тодруулсан гэж яригдаад байгаа нь огт худлаа зүйл гэдгийг хэлмээр байна. Тэгсэн бол бид энд хутагтын хойд дүрийг тодруулах комисс гэж байгуулах ямар хэрэг байх билээ. Хамгийн тодорхой байгаа зүйл бол багшийн маань хойд дүр Монголоос тодорно гэдгийг л сайн мэдэж байна. Өөрөө ч тэгж айлдсан.
 

Х.НАРАНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж