Эрсдэл, инновациар “амьсгалсан” эдийн засгийн форум

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Эрсдэл, инновациар “амьсгалсан” эдийн засгийн форум

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил жилийн  гуравдугаар сарын эхээр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын эдийн засгийн форум гурав дахь жилдээ боллоо. Энэ удаагийн форумын онцлог нь бараг сарын өмнөөс салбар хуралдаануудад хэлэлцэх гол асуудлуудыг эрдэмтэн, мэргэжилтнүүдээр хэлэлцүүлсэн аж. Харин чуулга уулзалтын хувьд нам гүмхэн, сүр дуулиан багатай эхэллээ. Гэхдээ зохион байгуулагчдын мэдээлсэнээр чуулга уулзалтад 1000 орчим төлөөлөгч оролцож байгаа гэнэ.

Өнгөрсөн жилийн “Хөгжилд хамтдаа” чуулга уулзалт уул уурхайгаар “өвчилсөн” бол “Эдийн засгийн хөгжил” нэртэй энэ жилийн чуулга уулзалтаар эдийн засгийн ерөнхий асуудлуудыг хэлэлцсэн юм. Тухайлбал, хүртээмжтэй өсөлт болон тэнцвэртэй өсөлтийн тухай инноваци ба ногоон өсөлтийн талаар эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид улстөрчид, иргэд үзэл бодлоо илэрхийлсэн. Ерөнхий сайд С.Батболд чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ “Өнгөрсөн хоёр удаагийн чуулга уулзалтын үр дүнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудаа түшиглэн эдийн засгийн эрчимтэй өсөлт, хөгжлийг бий болгохоор хамтдаа хичээж, ажиллаж ирснийг” тэмдэглэж, үр дүнд нь 2011 онд манай улсын эдийн засаг 17.3 хувиар өсөөд байгааг онцолсон. Энэ өсөлт дэлхийд өндөрт тооцогдож байгаа, цаашид ч үүнээс дутуугүй өндөр өсөх тооцоо, төсөөлөл гарч байгаа тул эдийн засгийн энэ өсөлтийг бодит хөгжил болгож, түүний үр шимийг иргэн бүрт хүргэх, иргэдийн оролцоог тэгш хангах асуудлыг энэ удаагийн чуулга уулзалтаар төвлөрч ярилцахыг тэрээр анхааруулсан. Чуулга уулзалтын хамгийн гол сэдвүүд нь эдийн засгийн өсөлт ба түүний үр шимийн тухай асуудал байв. Эдийн засаг өсөөд байхад ядуурал нэмэгдээд байгаа шалтгаан, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг гайхашруулж буй хэрнээ эрсдэл их байгаагийн учрыг олохоор чуулга уулзалтад оролцогчид ам хэлээ уралдуулсан. Салбар хуралдаан болгонд эдийн засаг өндөр өсөлттэй гарсан ч энэ нь хүртээмж муутай, тогтвортой бус байгаа шалтгаан нь дэд бүтэц. Манай улсын дэд бүтцийн хөгжил хэтэрхий сул байгаа нь эдийн засгийн өндөр өсөлтөд сөргөөр нөлөөлж байна гэцгээж байв.

НҮҮРСЭЭ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАХ УУ, НООЛУУР ҮЙЛДВЭРЛЭХ ҮҮ?

Өглөөдөө нэлээд хөл хөдөлгөөнтэй байсан чуулга уулзалтад оролцогчид үд гэхэд шингэрсэнд УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэн нь нөлөөлсөн байж болох. Үдээс хойшхи салбар хуралдаануудад УИХ-ын гишүүд л их л ховорхон үзэгдсэн.
Эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр “Баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт”, “Өсөлт ядуурлыг бууруулж чадах уу”, “Эрсдэл түүний удирдлага”, “Инноваци ба Ногоон өсөлт” зэрэг салбар хуралдаанууд болсон. Баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт” сэдвийн дор болсон салбар хуралдаанд оролцогчид Монгол Улсад зөвхөн уул уурхайн салбарт түшиглээд хол явахгүй гэдгийг шүүмжлээд харин тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг  зөвлөсөн. Монголчууд уламжлалт мал аж ахуйн салбарыг хөгжүүлэлгүйгээр хол явахгүй, холын замд хос морьтой явах нь чухал гэдгийг дуулгаад тэр хос морьд нь уул уурхай, хөдөө аж ахуйн салбар гэдгийг ч онцлов. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортод гаргавал уул уурхайгаас дутаагүй ашиг өгнө гэж үзэж буй юм. Манай улс малынхаа ноолуур, ноос, арьс ширийг түүхийгээр нь гаргадаг. Үүний оронд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь нэг тонн нүүрсээ түүхийгээр нь гаргаснаас илүү ашиг олох гэнэ. Нүүрсийг олборлохын тулд хайгуул судалгаа хийхээс эхлээд зардал өндөр гардаг бол ноолуурын хувьд ямаагаа өсгөөд л боллоо. Зуд турхан боллоо ч гэсэн мал аж ахуй бол нөхөгддөг салбар, харин уул уурхай бол хэзээ ч нөхөн сэргэхгүй. Дээр нь байгаль орчинд халтайг ч шүүмжилсэн.

“Өсөлт ядуурлыг бууруулж чадах уу” сэдвийн дор болсон салбар хуралдааны үеэр Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай өсч буй ч өгөөж нь ард иргэдэд тэгш хүртэхгүй байгаа. Тэгвэл эдийн засгийн өсөлтийг тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд олсон орлогоо ирээдүйг харсан хөрөнгө оруулалтад зарцуулах нь чухал гэсэн зөвлөгөөг оролцогчид өгсөн. Зөвхөн өнөөдрийг харж олсон орлогоо зарцуулах нь үр ашиг муутай тул уул уурхайгаас олж байгаа баялгийг тэр дундаа иргэддээ бэлэн мөнгө хэлбэрээр цацаад дуусах нь эдийн засагт сөрөг үр дагавар дагуулахаас цаашгүй тул сан байгуулах нь чухал гэдгийг дуулгав. Үнэндээ төр засаг л эдийн засаг өндөр өсөлттэй гарлаа гээд хөөрцөглөөд байгаа болохоос энгийн иргэдийн амьдрал сайжраад, дээрдсэн юм байхгүй. Харин ч өнгөрсөн жилтэй харьцуулахад  иргэдийн амьдрал хэцүүдэж байгааг дуулгах хүн ч байлаа.

Ядуурал нэмэгдээд байгаа шалтгааныг улстөрчидын амлалт, төрийн бодлоготой холбон тайлбарлах хүмүүс байсан. Өдрийн 20 мянган төгрөгөөр барилгын туслах ажилтан хийх хүн олдохгүй байгааг нэгэн бизнесмен гомдоллоод Монголын төр иргэдээ хавтгайрсан халамжаар тэтгэхээ болихыг сануулав.

ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРСДЭЛД ОРУУЛЖ БУЙ ЗҮЙЛ НЬ ЗАЛХУУРАЛ

Их танхимд болсон “Эрсдэл, түүний удирлага” салбар хуралдааны үеэр яригдсан нэг асуудал нь даатгалын систем байлаа. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Золжаргал  Монголын эдийн засаг зэс, нүүрс, нефть гэсэн гарын таван хуруунд багтах бүтээгдэхүүний экспорт, импорт дээр тулгуурлаж байгааг дурдаад төр засаг  шатахуун импортлогчдод ямар нэгэн татварын хөнгөлөлт үзүүлэх тусам эдийн засагт эрсдэл буй болж байгааг өгүүлсэн. Харин тус банкны Лондонд суугаа төлөөлөгч Д.Энхжаргал  эрсдэлээс  эдийн засгаа хамгаалахын тулд дуд бүтцийн хөгжүүлэх эрх зүйн орчинг бий болгох, төр иргэдээд хавгайрсан халамжаар тэтгэдгээ багасгахыг сануулсан. Төр иргэдээ мөнгөөр угжих нь залхуу иргэдийг бий болгох ингэснээр эдийн засагт хамгийн том эрсдэл учирч байгааг ярина лээ.
 
Харин чуулга уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Монгол Улс цаашдаа эдийн засгийг хөгжүүлэхдээ гурван зүйлийг чухалчлан үзэж бодит ажил болгохоо мэдэгдлээ. Нэгдүгээрт, үндэсний хөрөнгийн бирж дээр хувьцааг гаргах ажлыг бодит болгох. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтад ялгавартай хандах. Ялангуяа ажлын байр нэмэгдүүлж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх бодлогыг Засгийн газар барьж ажиллах болно гэж мэдэгдсэн юм. Гурав дахь нь мэдлэгт суурилсан эдийн засаг, инновацийг дэмжихэд анхаарах гэнэ. Мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд  тавдугаар цахилгаан станцын төслийг бэлтгэж,  Могой голын станцын ажлыг эхлүүлж, говийн бүс нутагт 300 км засмал зам тавьсан нь дээрх түншлэлийн үр дүн болсон томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг гэнэ.  Өмнөх эдийн засгийн чуулга уулзалтын ч үр дүн гэж дүгнэсэн.

Инновацийн хуулийн төслийг УИХ хэлэлцээд батлахад бэлэн болсон, уул уурхай, ноос ноолуур, мах,  арьс ширний кластерийн үйлвэржилтийн хөгжлийн бодлогыг хэлэлцэж гадаад  дотоодын  санхүүжилтээр хөдөө орон нутагт мах, сүү, хүнсний олон үйлдвэр байгуулах суурийг тавьжээ. Ногоон эдийн засгийн хүрээнд 100 мянган айлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажил дуусах шатандаа орж, шинээр 50 мвт-ын чадалтай орчин үеийн технологи бүхий салхин паркийг ашиглалтад оруулахаар Засгийн газар төлөвлөөд байгаа юм байна. “МСҮТ-ийн системийг үндсэндээ цоо шинээр сэргээн хөгжүүлж, ур чадвартай олон мянган залуучуудыг бэлтгэж аж амьдралыг нь дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах чиглэл рүү явж байгаа. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зүгээс  олон жил төр засагт тавьж ирсэн хүсэлт манай Засгийн газрын үед биеллээ олж, хамгийн сүүлийн жишээ л гэхэд  Зээлийн батлан даалтын хууль батлагдлаа. Энэ мэтчилэн өнгөрсөн жилийн чуулга уулзалтын үр дүнг тоочиход чамгүй амжилт байна” гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэвлэлийнхэнд дуулгалаа.

УРЛАГ Ч БАС “ЭДИЙН ЗАСАГ”…

Эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдрийн арга хэмжээний үеэр урлагийн арга хэмжээ зохион байгуулав. Энэ үеэр Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Монголын уул уурхайн салбараас олсон орлогын нэгээхэн хэсгийг урлагийн салбарт хөрөнгө оруулалт болгох ёстой тухай сануулав. Урлагаа хөгжүүлснээр, Монголын урлагийг дэлхийн тавцанд гаргаснаар улсын төсөвт чамгүй орлого орно, эдийн засагт ч томоохон хөрөнгө оруулалт болно гэдгийг тэр дуулгалаа. Урлагийн зөвлөлийнхөн энэ үеэр “Монголын хөгжилд хамтдаа” гэсэн нэгэн өвөрмөц зургийг толилуулсан. Монголын газрын зураг бүхий тэрхүү бүтээлд тэдний бэлтгэсэн жижиг хайчилбаруудаас сонгож наах учиртай бөгөөд Ерөнхий сайд С.Батболд инээж буй хоёр хүүхдийн зураг сонгож наасан юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж