Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Нэг, хоёр, гурав…. Алхааны тоогоор зам хорогдож, угтах зам урд зурайна. Замын чиглэл, салаа бүрийг дамжин шар “нөхөр” шогшуулсаар. Өглөөний нар хэдэнтээ мандаж, өдрийн нар хэдэнтээ жаргасныг тэр мэдэхгүй. Амьд амьтны хуулийн дагуу “амьдарч” яваа шар нохой ийнхүү шогшуулна. Замд тааралдсан зарим нь түүнээс тойрч зугтаан, зарим нэг нь бүр хөлөөрөө өшиглөж байгаа харагдав. Золбин нэртэй, ноорхой үстэй болохоор тэднээс тойрч зугтан, сэжиглэн бэргэх нь ч аргагүй. Хорвоогийн алаг амьдрал эргэж ирэхгүйгээр цуварч байх хооронд гагцхүү тэдэнтэй хэн ханисдаг болохыг та мэдэх үү? Тэдний ханисагчид нь хүний ертөнцөөс бас л тусгаарлагдсан хүмүүс. Арай дээгүүр нэгэн нь тэдэнд “тэнэмэл”, “гудамжны” гэсэн тодотголыг зүүн бас л тойрч зугтаадаг билээ. Гудамжны хашлага даган алхсаар шар нохой “Нүүдэлчин” гэх хоолны газрын үүдэнд ирээд зогсчихов. Нохойны үнэрлэх мэдрэмж хүнийхээс хэдэн зуу дахин хөгжсөн байдаг болохоор арга ч үгүй биз. Тэр хавиар хэд эргэлдэж байгаад нэгэн цонхны доор очиж зогсох ажээ. Хоолны газрынхан угаадсаа тэнд асгадаг болохоор үнэрч нохой тэрийг олсон хэрэг. Үүнээс хэдэн байшингийн цаана байх хогийн савны ойролцоо бас үүнтэй адилхан дүр зураг ажиглагдана. Гагцхүү гол баатар нь ондоо. Тэнд хүн хог ухаж байна. Гартаа шуудай атгасан тэр хүн арай гайгүй хог олохын тулд хог ухаж байгаа нь энэ.

Нохой угаадсан дээр хэсэг саатсаны дараа зам гарч байгаа харагдав. Замын хөдөлгөөн татрахыг хүлээсэн нохой бүх машин зогссоны дараа зам хөндлөн гарч байгаа харагдлаа. Гадныхны тодорхойлсоноор хотожсон амьтны төлөөлөл нь энэ. Магадгүй гэрлэн дохио харахгүй гардаг зарим хүмүүсээс ч дээр байж болох. Гэтэл зам гарсны дараа түүнийг жигших хүн бишгүй. Учир нь дунд сургууль замын цаана байрлах ажээ. Хүүхдүүд түүнийг өшиглөж, ээлж дараагаараа цохиж гарав. Удалгүй нэг жаал түүнийг хүзүүдээд орцонд оруулах аж. Толгойд нь гялгар уут углажээ. Хэсэг хугацаанд оролдсоны дараа түүний толгойноос уут мултарч, нохой ч харсан зүг рүүгээ харайлгаж гарав.

Нохой зугтаж байх хооронд нэгэн байрны орцны дэргэд согтуу эр хэвтэх ажээ. Нэгэнтээ хүмүүсийн зам дээр шахуу хэвтсэн түүн дээгүүр хүн болгон алхаж гарч байгаа харагдав. Чухам хэн тэгсэнийг нь мэдэхгүй, цамцан дээр нь “архичин” гэж бичжээ. Гудамжны нохой хүртэл дахиж даажигнуулахгүйн тулд дайжиж байхад түүнд тэмцэх ч чадал алга. Бор дарс балгасан түүний архи хэзээ гарахыг тааж мэдэхгүй.

Гудамж даган алхаж явлаа. Бас л нохой. Хүзүүндээ оосор зүүснийг нь бодвол хэзээ нэгэн цагт түүнд эзэн байсан байж болох. Гэтэл одоо түүнд эзэн алга. Тиймээс тэр тэнүүчилж, хоол шиншлэн явна. Орц болгоны хогийн бункер рүү шагайж, газар үнэрлэн гэлдэрнэ. Азаар түүнийг шоглох хүн байсангүй. Тиймээс түүнд тухтай хэсүүчлэх боломж олджээ. Эзэнгүй орхисон манаачийн амбаар руу гүйн орох. Харин түүнээс хэдэн гудамжны цаана үүнтэй адил хувь заяатай нэгэн явна. Хог үүрсэн хөгшин. Зарим гудамжны хүмүүсийг бодвол түүний өмссөн зүүсэн нь хиртэй л болохоос цэгцтэй. Хэдхэн алхмын цаана “Дэнжийн-1000”-ийн залгаа олон хашаануудын дунд байх хуванцар эдлэл тушаах цэг харагдаж байгаа болохоор түүний өдөржин явсан ажил ийнхүү дуусах гэж байгаа нь энэ.

Нохой, хүн хоёр ийнхүү сүлжилдсээр ертөнцийн амьдрал өрнөнө. Гэдрэг буцаж байх мөчид бас л нохой тааралдав. Ялгаа нь тэр эзэнтэй. Бүр гадаад эзэнтэй гээч. Хүзүүнд нь зүүсэн гинж, наранд гялбах үсний сорыг нь харвал дулаан байранд тансаг амьдардаг нь илт. Тавхан алхам түүнийг дагахад том хар жийпэнд яваад орчихов. Зарим нэг хүмүүсийн хүсээд ч олдохгүй амьдралаар энэ нохой амьдарч байна. Харин Улаанчулуутын хогийн цэгт хэдэн хүн амьдарч хогоор амьдрал, ахуйгаа залгаж, хэдэн жаал хогоор наадаж байгааг таах аргагүй.

Зам дөхөж байх хооронд согтуу хэвтэж байгаа хүмүүс нэлээдгүй таарав. Замын голд ч нэгэн нохойн сэг зэм харагдана. Тэдгээр хүмүүс хэрхэн амьдарсан, нохдын яаж гэлдэрч явсныг тааварлашгүй. Та тэднийг одоо харъя гэвэл таны хажууд л яваа. “Ахаа, эгчээ 100 төгрөг өгөөч” гэж байгаа хүүхдүүдээр тэднийг таньж болно. Эсвэл нуруундаа үүрч яваа шуудайгаар нь.

1, 2, 3 цаг явсаар орой болжээ. Нохой, хүн хоёрын амьдрал ийнхүү өрнөх аж. Ялгаатай ч гэмээр, адилхан ч гэмээр…

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж