Дайруулсан иргэдийн ихэнх архи хэрэглэсэн байдаг

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Дайруулсан иргэдийн ихэнх архи хэрэглэсэн байдаг

ЦЕГ-ын харъяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтэс, Монголын эмэгтэйчүүд, хүүхдийн архидалт мансуурлын эсрэг нийгэмлэг, чөлөөт уран бүтээлчид хамтран  “Хэвтэж буй хүн” өдөрлөгийг өнөөдөр 14 цагт төмөр замын буудлын арын талбайд  зохион байгуулахаар болсон аж. Өнөөгийн нийгэмд байгаа архидалт  газар авч хавтгайран, тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүд ч  ихээр архинд орж донтох,  түүнээсээ болж гэмт хэрэгт холбогдох эрсдлүүд ч багагүй байгаа учраас энэхүү өдөрлөгийн зохион байгуулахаар болсон тухайгаа зохион байгуулагчид нь хэлж байлаа. Архидалт мансуурал нь хүний амь нас, эрүүл мэнд, хүүхэд залуусын ирээдүйг хохироож улмаар гэмт хэрэгт холбогдох, хохирох явдлууд буурахгүй байгаатай холбогдуулж ард иргэддээ архины хор уршгийг “street art” буюу бодитоор харуулах, зохиолч яруу найрагч нарын архины хор уршгийн талаар бичсэн ухаарал бүхий шүлгүүд, санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмжүүдийг олон нийтэд тараах зэрэг ажлуудыг уг арга хэмжээний үеэр хийхээр төлөвлөөд байгаа аж. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ галт тэргэнд дайруулж амь насаа алдах хэрэг сүүлийн үед нэлээд хэд гарсан.

Энэ талаар Төмөр замын цагдаагийн хэлтэсийн дарга, дэд хурандаа Т.Ганхуягаас тодруулсан юм.

-Галт тэргэнд дайруулж амиа алдсан хүмүүсийн хичнээн нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг юм бэ?

-Он гарснаас хойш галт тэргэнд дайруулж амиа алдсан гурван тохиолдол гарсан. Тэдгээр амиа алдсан хүмүүс бүгдээрээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Ер нь галт тэргэнд дайруулж амиа алдсан хүмүүсийн ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дайруулсан байдаг. Өнгөрсөн онд гарсан төмөр замтай холбоотой нийт хэргийн 15 буюу 11,5 хувь нь золгүй байдлаар нас барсан хэрэг байгаа.

-Тэгэхээр галт тэргэнд дайруулж амиа алдсан хмүүс бүгдээрээ согуу дээр нь амиа хорлох сэдэлтэйгээр дайруулдаг гэж хэлээд байна уу?

-Яг ч бүгдээрээ тийм биш л дээ. 2010 онд Дарханы вокзал дээр хүүхэд дайруулж нас барсан хэрэг гарсан шүү дээ. Энэ хэргээс бусад хохирогчид согтуу байсан гэж хэлэхэд болно. Галт тэргэнд дайруулж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй нь уулзаж лавлахаар ихэнхдээ амиа хорлох сэдэлтэйгээр тэр төмөр торыг нэвтэрч ороод дайруулсан байдаг. Ер нь төмөр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын улмаас 27 хүн нас барж есөн хүн хүнд гэмтэл авсан байдаг. Эдгээр хэргүүдээс нэг хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж, бусад хэргийг гэмт хэргийн бүрэлдхүүнгүй буюу галт тэрэгний машинист нар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй, явган зорчигч төмөр замын аюултай бүсэд нэвтрэн орсон буруутай гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байгаа.

-Хүмүүсийн дунд галт тэргэнд дайруулж амиа алдсан хүмүүс буруугүй байсан ч төмөр зам хариуцлага хүлээдэггүй, хэргийг танил талаараа хэрэгсэхгүй болгочихдог гэх яриа байдаг шүү дээ. Тэгээд ч хүний эрдэнэт амь нас хохироод байхад хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой биз дээ?

-Түүнийг шүүхийн байгууллага тогтооно шүү дээ. Үнэхээр харицлага хүлээх ёстой юм бол хэнд яаж  хариуцлага  тооцох нь шүүхийн байгууллагын хийх ажил.

-Ийм хэрэг гаргахгүй, урьд­чилан сэргийлэх үүднээс яг ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

-Төмөр замын ажилчид хамгаа­лалтын торондоо мал оруулахад хүртэл  хариуцлага тооцдог шүү дээ.  Хамгийн гол нь энэ гараад байгаа хэргүүдийн ихэнх нь  архинаас л үүдэлтэй байгаа.  Ер нь төмөр замд ганцхан ийм хэрэг гардаг юм биш. Аялж буй галт тэргэнд согтууруулах ундаа хэрэглэх, түүнээсээ болоод хоорондоо маргах, согтуугар танхайрах зүйлүүд ч элбэг байгаа. Ерөөсөө үйлдэгдээд байгаа гэмт хэргүдийн дийлэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдэгдсэн байдаг шү дээ. Тэгэхээр энэ архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах, бр цаашаад татгалзах шаардлага гараад байгаа гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй байгаа юм. 

Х.Нарангэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж