“Бид ялна гэж би та нарт амласан. Бид яллаа!”

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

“Бид ялна гэж би та нарт амласан. Бид яллаа!”

Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн мэдээгээр ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин 64,06 хувийн санал аван сонгуулийн эхний шатанд ялалт байгууллаа. Коммунистуудын лидер Геннадий Зюганов 17,15 хувийн саналаар дараалав. Бие даан нэр дэвшигч Михаил Прохоров  7,60 хувийн саналаар ардаа Владимир Жириновский (6,24), Сергей Миронов (3,62) нарыг орхин гуравдугаарт оржээ. Сонгогчдын оролцоо 64 хувьтай байгаа тухай мэдээлсэн байлаа.

Баярын нулимс уу?

Сонгуулийн ням гаригт Оросын нийс­лэлийн төв хэсгийг Путины талынхан өдөржин шөнөжин эзэгнэв. Кремлийн талынхан сонгуулийн дүнг албан ёсоор зарлаагүй байхад Владимир Путинд ялсны баярыг нь хүргэхээр шийдсэн байлаа. Хамгийн олон хүнтэй цуглаан Манежийн талбайд болж цуглаан дээр Путин өөрөө, одоохондоо үүрэгт ажлаа гүйцэтгэж буй ерөнхийлөгч Дмитрий Медведев нар үг хэлэв.

“Манай нэр дэвшигч итгэлтэйгээр тэргүүлж явна. Бид ялна гэдэгт би эргэлзэхгүй. Энэ ялалт бидэнд хэрэгтэй. Бид түүнийг хэнд ч алдахгүй” гэсэн дууны эгшиг дор тэд ирцгээв. “Өнөөдөр их сайхан өдөр болж байна. Манай нэр дэвшигчийг дэмжин та нар бидэнтэй хамт байгаад баярлалаа” гэж Медведев хэлээд “Бид энэ ялалтаа хэнд ч алдахгүй! Алдахгүй юу?” хэмээн цугларсан олноос Медведев асууж зохих хариултаа авлаа.

“Манай сонгогчдын давамгай дэмжлэгээр бид цэвэр ялалт байгууллаа…Би та нарт бид ялна гэж амлаж байсан. Бид яллаа” хэмээн Путин мэдэгдэхэд түүний нүднээ нулимс цэлэлзэж байв. Хожим Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков салхитай байснаас Путин “уйлсан” хэмээх тайлбар хийжээ. “Оросын төр, засгийг бусниулах гэсэн ганцхан зорилготой улс төрийн өдөөн хатгалгаас бид аврагдаж чадлаа. Тийм зүйл манай газар нутагт гарахгүй. Тэд нэвтрэхгүй! Оросын алдар бадартугай!” гэж Путин үгээ төгсөв. Тэднийг үг хэлсний дараа даарч хөрсөн олон хүмүүс метронд урсан орж шахцалдаан гаргав. Албан ёсны мэдээгээр ноцтой хэрэг гарсангүй.

Владимир Владимирович Путин

Владимир Владимирович Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд Ленинград хотноо айлын гурав дахь хүүхэд болон төржээ. Түүний хоёр ах нь хүүхэд ахуйдаа нас барсан байна. Эцэг, эх хоёр нь үйлдвэрт ажиллаж, тэдний гэр бүл нийтийн байранд удаан амьдарчээ. Дунд сургуулиа дүүргээд 1970 онд Путин Ленинградын улсын их сургуулийн хуулийн факультетын олон улсын харилцааны ангид элсэн орсон байна. Их сургуульд байхдаа тэрээр ЗХУКН-д элсчээ. Дээд сургуулиа 1975 онд төгсөөд тэрээрУлсыг аюулаас хамгаалах албанд (КГБ) томилогдон 10 жил ажиллаад дараа нь хуучин Зүүн Германд дипломат ажилд томилогдсон байна. Путиныг шүүмжлэгчид ирээдүйн ерөнхийлөгч “соц.Лагерийн оронд” томилгоо авсан нь тагнуулчийн хувьд үнэлэгдээгүй хэрэг гэдэг. Дрезден хотын ЗХУ-БНАГУ-ын Найрамдлын ордны захирал гэсэн халхавч дор тэрээр таван жил ажиллан дэд хурандаа цолтой болсон байна.

Зүүн Германы коммунистууд засгаа алдсан 1990 онд Путин Зөвлөлтөд буцан ирээд хямралтай жилүүдэд Ленинградын их сургуульд орогнол олон Зөвлөлтийн чөлөөндөө гарсан тагнуулчдын хувьд уламжлал болсон олон улсын харилцааны орлогч захирлын албыг хаших болжээ. Их сургуульд оюутан нь байсныхаа хувьд тэрээр хэдэн сарын дараа хотын зөвлөлийн дарга Анатолий Собчакийн зөвлөхөөр ажиллаж эхэлжээ. Собчак 1991 онд хотын захирагчийн сонгуульд ялсны дараа Путин хотын захиргааны Гадаад хэргийн албыг толгойлох болсон байна. Наймдугаар сарын төрийн эргэлт хийх оролдлого унасны дараа 1991 онд Путин КГБ-гээс халагдах өргөдлөө өгчээ. Түүнийг хотын гадаад харилцааны албанд тусгай албаны арга барил, авилга оруулж ирсэн гэж нэг биш удаа шүүмжилж байжээ. Тусгай комисс түүний гадаадад түүхий эд ба өнгөт металл гаргах лиценз олгох үйл ажиллагаанд 1992 онд шалгалт хийж, Путинийг тушаалаас нь халах зөвлөмжийг хотын захирагчид өгсөн байв.

Гэвч захирагч зөвлөмжийг хүлээн аваагүй төдийгүй 1994 онд Путиныг Петербургийн Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга болгов. Хуучин тушаалаа ч тэр хадгалан давхар хашиж байв. Хотын захиргааны олон албан тушаалтнууд хожим (Дмитрий Медведев, Игорь Сечин, Виктор Зубков, Герман Греф, Дмитрий Козак, Сергей Нарышкин, Владимир Чуров нарын) улсын хамгийн өндөр тушаалуудад тавигдсан билээ.

Тэр үед “Наш дом-Россия” нэртэй байсан эрх баригч намын салбарыг Путин 1995 онд толгойлон Алексей Кудрины хамт сонгуульд бэлтгэж байв. Собчак 1996 оны захирагчийн сонгуульд ялагдсаны дараа Путин Москвад ирэв. Хэсэг хугацаанд Кудрины байранд амьдарч байсан юм.

Сонгуульд ялагдсаны дараа Путин ба түүний хэсэг найз нар “Озеро” (“Нуур”) зуслангийн хэрэглээний хоршоолол үүсгэн байгуулсан ба Путиныг ерөнхийлөгч болсны дараа тэд бүгд улс төр, бизнест том тушаал эзлэх болжээ. Хоршоололд түүний хамт ах дүү Андрей ба Сергей Фурсенко, “РЖД” компанийн тэргүүн Владимир Якунин, санхүүч Юрий Ковальчук нарын хүмүүс байсан юм.

Москвад ирээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Павел Бородины орлогч болсон байв. Дараагийн 1997 онд Путин Ерөнхийлөгчийн аппаратын Хяналтын албаны даргын ажлыг Кудринаас авчээ. 1998 онд тэрээр аппаратын орон нутаг хариуцсан даргын орлогч болов. Хоёр сарын дараа түүнийг Холбооны аюулгүйн албаны даргаар томилсон байлаа. Энд Путин өөрийн орлогчоор Петербургт хамтран ажиллаж байсан КГБ-гийн танилууд болох Николай Патрушев, Виктор Черкесов, Сергей Иванов нарыг татжээ. Түүнийг 1999 онд Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар давхар томилжээ. Ерөнхийлөгч Ельцин 1999 оны наймдугаар сард Путиныг ерөнхий сайдаар томилсон ба Төрийн дум долоо хоногийн дараа түүнийг тушаалд нь батлав. Энэ цагт Путины чансаа дөнгөж  хоёр хувьтай байлаа.

Ерөнхий сайдаар томилогдсон цаг нь Шамиль Басаевын дайчид Чечениэс Дагестанд нэвтэрсэн үетэй давхцсан бөгөөд Путин тэдэнд хатуугаар хандсан байр суурь барьж байлаа. “…Бид тэднийг эцсийн эцэст жорлонд живүүлнэ. Гүйцээ, асуудалд цэг тавьсан” гэх мэтийн хатуу мэдэгдлийг хийн Басаевыг олон улсын террорист гэж зарласан юм. Тэднийг Дагестанаас хөөж, Чеценийн нутаг дахь байлдааны үйл ажиллагааг нь Путин үргэлжлүүлэв. Энэ ажиллагааг Путин “террорын эсрэг” гэж нэрлэж байснаа саяхан телевизээр олон нийттэй шууд харилцахдаа “Хойд Кавказад тэр үед иргэний дайн явагдаж байсан” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Есдүгээр сард нь Оросын хотуудад орон сууцны байшинг дэлбэлсэн хэд хэдэн хэрэг гарсан юм.

Улс орны байдал, Путины хатуухан үгтэй мэдэгдлүүдийн дараа түүний чансаа эрс өсөв. Шинэ жилийн өмнө арванхоёрдугаар сарын 31-нд Ельцин огцрон Путин ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болов. 2000 оны гуравдугаар сард Путин ерөнхийлөгчийн сонгуульд 52 хувийн саналаар ялалт байгууллаа. Энэ үеэр Холбооны зөвлөлийг шинэчлэв. Холбооны зөвлөлд захирагч нарыг бүсийн байнгын төлөөлөгчид солин орж ирлээ. 2004 оны Бесланы аллагын дараа мужийн захирагч нарын сонгуулийг болиулан бүсийн удирдлагыг ерөнхийлөгч томилох болжээ.

Путины ерөнхийлөгч байсан цаг үед улс төрийн сөрөг талынханд шахалт ихсэж, хэвлэл мэдээлэлд хяналт тогтоосон гэж хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд болон шүүмжлэгч нар хэлдэг. Түүний үеийн хамгийн дуулиантай мөрдлөг нь ЮКОС компанийн удирдлага Михаил Ходорковский, Платон Лебедев нарын хэрэг болсон билээ. Путин өөрөө энэ хэрэгт нэг биш удаа тайлбар өгч, тэдний гар нь “бугуйгаа хүртэл цусанд дүрэгдсэн” хэмээн хэлж байсан. Одоо тэд ЮКОС-ын хоёр дахь хэргээр ял эдэлж байна. Энэ бүгдийн хажуугаар 2000 оноос хойш олон чухал шинэчлэлийг Орост хийсэн байлаа. Тухайлбал, давхар ашгийн татварыг 13 хувь болгосон татварын болон эрчим хүч, газрын шинэчлэл, Тогворжуулалтын сан байгуулсан зэргийг энд хэлэх ёстой. Путины чансаа өндөр байснаас 2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний гол хүмүүс түүнтэй өрсөлдөөгүй. Тэрээр 71 хувийн саналаар ерөнхийлөгч болсон юм.

Путины ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнө түүнийг дахин гурав дахь удаагаа сонгогдох тухай яриа өрнөж эхэлсэн билээ. Гэвч Путин өөр замыг сонгон  Дмитрий Медведевыг ерөнхийлөгчид дэвшүүлэн гаргаад өөрөө ерөнхий сайд болсон юм. Ингэж “тандем” гэж нэрлэгдсэн томьёоллыг улс төрд оруулжээ. Энэ хугацаанд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөөс зургаан жил болгосон өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж өгчээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард “Нэгдмэл Орос” намын их хурал дээр Путин,  Медведев хоёр ирээдүйн төлөвлөгөөгөө зарласан юм. Путин ерөнхийлөгчид нэр дэвшиж, ялсан тохиолдолд Медведев ерөнхий сайд болохоор 2008 онд тэд тохиролцсон байжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж