Дэлхий даяар дэлгэцийн гольфоор өвчилж байна. Харин Монголд?

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Дэлхий даяар дэлгэцийн гольфоор өвчилж байна. Харин Монголд?

Сүүлийн үед амралтын өдрүүдэд, чөлөөт цаг гарвал гольфын талбайгаас салахаа больсон хоёр найзтайгаа сонирхож үзэхээр гольфын талбайг зорив. Гольфын талбайд очоод тоглож сурахын тулд эхлээд бөмбөг цохих техник сурахаар дасгал хийлээ. Талбайд 30м, 50м, 80 м гээд хэмжээг нь заачихаж. Эхний цохисон бөмбөг 10м ч хүрэхгүй газар очиж уналаа. Харин гольфдоо хорхойтон найз маань тогтмол 80 м-ээс давуулж цохиж байгааг хараад жаахан шар хөдлөж орхилоо. Цохиураа хэрхэн барих, зогсолт, цохих техникийг минь зааж өгсний дараагаар 30 м-ээс ч хол цохиж чадлаа. Хоёр дахь удаагийн оролдлого гэхэд давгүй шүү. Харин гурав дахь бөмбөгөөс эхлээд 50м давуулан цохидог болсноор ёстой л урам орж, өөрийн эрхгүй хорхойсч эхлэв. Гольф тоглоход их энгийн, сурахад зүгээр л танаас хичээл зүтгэл шаардах юм билээ. Өөр ямар нэгэн төрөлхийн авьяас чадвар, Усайн Болт шиг хурдтай, Хакүхо аварга шиг хүчтэй байх шаардлага огт байхгүй болохоор сурч болмоор санагдав. Гадаа сэрүүхэн байснаа хүчтэй салхилж, хэчнээн хорхойсч байсан хэдий ч даарав. Үүнийг мэдсэн юм шиг дэлгэцийн гольф тоглож үзүүлье, дотогш орцгооё гэв. 

 Дэлхийн шилдгүүдийн өрсөлддөг талбайг захиалан тоглох боломжтой

 Дэлгэцийн гольфын өрөөнд ороход том дэлгэц байрлуулжээ. Гольфын төвийн ажилтан дэлгэцээ асаахад дэлгэцэн дэх гольфын талбай амьд мэт харагдаж байлаа. Байгалийн дуу чимээ, шувуу жиргэх, голын урсгал дуугарах чимээ сонстож яг л гольфын талбайд тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлэв. Мэдээж хэт нар шарах юм уу, бороо орох, хүчтэй салхилах, гадаа даарсан шиг сэрүүхэн байхгүй учраас үнэхээр дажгүй санагдав. Яаж тоглодог талаар нь энгийнээр тайлбарлахад дэлгэцийн өмнө таны цохих бөмбөгийг тавцанд байрлуулсан байх ба бүрэн системээр холбож өгсөн  лазер мэдрэгчийн тусламжтайгаар дэлгэцэн доторх талбайд таны цохисон бөмбөг шууд шилжиж дүрслэгдэнэ. Таны бөмбөгний хурд,  цохилтын чиг, бөмбөгний нисэлт, өнхрөлт, салхины хурд, хэдэн цохилт дутуу, нүх байгаа газрууд гээд бүх тооцооллыг дэлгэцэнд нарийвчлан метр, секундээр харуулна. Миний цохисон бөмбөг хотгор, гүдгэр газар, элс, ус зэргийг даван туулж байгаа нь  яг л амьд байгаль дээр тоглож байгаа мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлсэн. Дэлгэцийн гольфын өөр нэг давуу тал гэвэл талбайгаа захиалан тоглох боломжтой. Эрэгтэй, эмэгтэй, мэргэжлийнх /pro/ гээд захиалахаас гадна, талбайгаа энгийн, саад бартаа ихтэй гээд сонгож болдог юм билээ. Гольфын байнгын тоглогчид бол салхиний хэмжээг нь нэмэгдүүлж захиалан тоглодог аж. Хамгийн сонирхолтой нь гэвэл  Tiger Woods, Ben Curtis тэргүүтэй дэлхийн шилдгүүд өрсөлддөг PGA, LPGA зэрэг дэлхийн хэмжээний томоохон тэмцээн явагддаг гольфийн талбайг захиалан тоглох боломжтой. Дэлгэцэн дээр салхины чиг заагч, тухайн газрын хотгор, гүдгэр, өөд, уруу нарийвчлан харуулж өгдөг болохоор тоглолтыг улам сонирхолтой болгодог юм билээ.

Дэлгэцийн гольф бол цаг хугацаа, мөнгөний бодит хэмнэлт

Талбайн гольфоор хичээллэхэд шаардагдах хэрэгсэлийн үнэ хэтэрхий өндөр, нэг удаа тоглохын тулд зарцуулах хугацаа, зардал үнэтэй учраас хүмүүс дэлгэцийн гольф руу “урвах” болсон талаар гольфийн төвийн ажилтан ярьсан нь ортой бололтой. Талбайн гольф тоглохын тулд Улаанбаатар хотоос дор хаяж 50-75 км зам туулна. Зорьсон газраа очоод нэг удаа тоглоход 75-80 мянган төгрөг, гольфын цохиургүй ирсэн бол 25-30 мянган төгрөг, гурван ширхэг бөмбөг 10-15 мянган төгрөг, кеди буюу туслагч охин 10-15 мянган төгрөг, түлшний зардал 20-30 мянган төгрөг зарцуулна. Ингээд бодохоор нэг удаа 18 нүхэнд талбайн гольф тоглоход ойролцоогоор 160 мянган гаруй төгрөг зарцуулдаг. Харин дэлгэцийн гольфыг тоглохын тулд хотоос гарах шаардлагагүй. Хотын төвд тохилог тав тухтай гольфын клубт нэг удаа 18 нүхэнд тоглоход 20-30 мянган төгрөг. Тэгэхээр талбайн гольфоос зардлын хувьд зургаа дахин, цаг хугацааны хувьд 3-4 дахин бага байгаа биз.  Үүнээс харахад дэлгэцийн гольф яах аргагүй цаг хугацаа, мөнгөний хэмнэлт. Өөрөөр хэлбэл цаг агаар, улирлын  нөхцөл байдлаас үл хамааран, цаг хугацаа алдалгүй, хүссэн газраа сонгож, тооцоолол бүрийг автоматаар зөв тооцоолон бодож тоглосноор гольфоос кайф гэдгийг ёстой л  бүрэн мэдрэх боломжтой.

Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх амьдралын хэв маяг

Сагс тоглох хэмжээний хөлс, хүч гаргаагүй, гүйж, харайгаагүй байхад л гольф тоглосны маргааш хамаг бие маань хөндүүр болчихож. Учир нь, гольф тоглоход хүний биеийн 500 гаруй булчин зэрэг ажилладаг юм байна. Гольф тоглохдоо нуруугаа цэх байлгахаас эхлээд гоо зүйн талаасаа ч өндөр ач холбогдолтой санагдсан. Түүнээс гадна анхан шатны болон тогтмол хичээллэгсэд цохилтын техникээ сайжруулахын тулд тусгай талбайд дасгал сургуулилт хийх боломжтой. Таны зогсч байгаа болон, биеийн хөдөлгөөн, цохиураа зөв барьж байгаа эсэх, цохиж байгаа техникүүд зөв хийж байгаа эсэх нь бөмбөг цохих бүрт  камерийн тусламжтайгаар компьютерийн дэлгэцэнд гардаг. Ингэснээр анхнаасаа алдаагаа засч, гольф тоглох техникүүдийг зөв сурах бүрэн боломжтой. Дэлгэцийн гольфын клубт цохилтын техник, сургалтын талаар мэргэжлийн багш зөвлөгөө өгч зааж сургадаг юм билээ. Энэ бүх давуу талууд нь гольф сонирхогчид, хичээллэгсэд, мэргэжлийн тамирчдын талархалыг хүртээд байгаа. Дэлгэцийн гольфын төвөөр гэр бүл, найз нөхөдтэйгээ зочлоод үзээрэй. Танд таалагдах нь гарцаагүй. Дэлгэцийн гольф үүсч хөгжөөд арваад  жилийн нүүр үзэж байгаа хэдий ч Америк, Европ, Зүүн өмнөд Азийн орнуудад ялангуяа БНСУ, Япон улсад ихэд хөгжиж, дэлгэцийн гольфод суралцах, хичээллэх, гэр бүл, хамт олноороо ажлын алжаалаа тайлж, амралт чөлөөт яяй зөв зүйтэй өнгөрөөх амьдралынх нь хэв маяг болон тогтжээ. Манай улсын хувьд дэлгэцийн гольф хөгжөөд хоёрхон жил болж байгаа ч маш их хэмжээний сонирхогч гольфын хорхойтнуудтай болчихжээ. Манай улсын 200 гаруй, гадаадын 150 орчим дэлгэцийн гольфоор тогтмол хичээллэдэг.

У.Бадмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж