Топ модель Х.Ундраа: Хайр гэдэг тулах цэггүй, барих баримжаагүй, хамгийн хоосон, хамгийн бодит зүйл | News.MN

Топ модель Х.Ундраа: Хайр гэдэг тулах цэггүй, барих баримжаагүй, хамгийн хоосон, хамгийн бодит зүйл

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Топ модель Х.Ундраа: Хайр гэдэг тулах цэггүй, барих баримжаагүй, хамгийн хоосон, хамгийн бодит зүйл

“Топ модел”. Монголын загварын ертөнцийн хамгийн том шагнал энэ. Монголын загварын ертөнцөд тодроод байгаа есөн “топ”-ын нэг, 2004 оны топ модель Х.Ундраатай ярилцлаа. Х.Ундрааг даруу, төлөв эмэгтэй гэж олон хүн дүгнэдэг. Тэр үнэн болов уу?


-Сая “Гоёл”-ыг үзчихээд топ моделиуд яагаад шилдэг загвар өмсөгч юм уу, дахиад “Топ”-ын шагнал авч болдоггүйг гайхаж байлаа. Эсвэл тийм дүрэмтэй юм болов уу?

-Тийм ээ. Одоохондоо хоёр дахь удаагаа топ модел болсон хүн байхгүй л дээ. Нэг ёсондоо топын топ гэдэг шагнал байхгүй гэсэн үг юм уу даа.

-Тайзан дээр алхаад байгаа охидын заримынх нь хөл майга харагдах юм. Тэгшхэн хөлтэй байх гэсэн шалгуур байхгүй болчихсон юм уу?

-Сүүлийн үед загвар өмсөгчдөд цензур тавигдахаа больчихсон юм шиг байна гэдэгтэй санал нийлж байна. Үнэхээр шалгуур гэдэг зүйл байхгүй болчихсон шиг байгаа юм. Эхний шалгуураар хасагдсан охидууд хүртэл тайзан дээр гарчихсан л явж байдаг. Уг нь загвар гэдэг маш том урлагийг өндөр шалгуур, эрэмбэ дараалалтай байлгавал зүгээр гэж боддог юм.

-Манай загварын тайзан дээр 40 гарчихсан хүүхнүүд алхахаа болиосой гэсэн шүүмжлэл их гардаг. Энэ талаар ямар бодолтой байна?

-Дэлхийн загварын ертөнцөд 13, 14 настай охидууд шинэ өнгө төрх болж хүч түрэн орж ирээд байгаа. Загварын ертөнц залуужиж байна. Харин загвар өмсөгч 40 хүрчихлээ гээд тайзнаас буух алба байхгүй шүү дээ. Галбираа алдаагүй, үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдөж байгаа бол хэдэн нас хүртлээ тайзан дээр алхах нь хувь хүний асуудал байх.

-Та хэдэн нас хүртлээ загвар өмсөнө гэж боддог вэ?

-Одоохондоо бодож төлөвлөсөн юм алга. Гэхдээ загвар өмсөнө гэдэг миний маш том хобби. Өнөөдөр Монголд загвар өмсөгч гэдэг урлаг мэргэжил болтлоо хөгжөөгүй байна. Хөгжих шатандаа явж байна гэж боддог. Харин миний хувьд аялал жуулчлал, түүх түлхүү сонирхдог. Тэр чиглэлээрээ гадаадад сурч, мэргэжил эзэмших сонирхолтой байгаа.

-Хобби гэхэд хэтэрхий том биш гэж үү. Маш олон жилийг загварын ертөнцөд өнгөрүүллээ. Энэ хугацааг зөвхөн хобби гэж хэлэх харамсалтай биш үү?

-Би өөрийнхөө хоббинд маш их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулсан. Үүнийгээ ч тодорхой хэмжээгээр үнэлүүлж чадсан. Тэр чинээгээрээ сэтгэл хангалуун байгаа учраас харамсдаггүй.

-Загвар өмсөгч хүний хөдөлмөр гэж яг юу юм бэ?

-Фитнесс, бассейнд явж биеэ чийрэгжүүлнэ, гадаад үзэмжиндээ цаг зарцуулна, хоолны дэглэм барина. Зарим загвар өмсөгчид тэмцээн энэ тэр гээд том арга хэмжээ дуусгаад дэглэмээ орхичихдогоосоо болоод галбираа алддаг. Харин миний хувьд үргэлж бэлтгэлтэй байхыг эрмэлздэг. Топ модел гэдэг үүднээсээ байнгын бэлтгэлтэй байх ёстой.

-Хоолны дэглэм бариад ирэхээр өлсдөг үү?

-Дэглэм гээд идэж, уухаа хориод байдаггүй ш дээ. Эрүүл хооллолт гэдэг утгаараа жимс, ногоо их иднэ. Илүү натурал талын хүнс хэрэглэдэг.

-Дуртай хоол чинь юу вэ?

-Би далайн гаралтай хоолонд дуртай. Тэр дундаа япон сүши их гоё. Ихэвчлэн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэхүйц хоол сонгодог. Эрүүл байвал бүх зүйлийг хийж чадна гэж боддог ш дээ.

-Загвар өмсдөг хүмүүс гоё биетэй байхад л болдог гэж үү?

-Бага зэргийн жүжиглэх авьяас, хөгжмийн сонсголтой байх ёстой гэж боддог. Ямар нэг хувцасыг үзэгчдэд дэлгэн харуулж байгаа юм чинь түүнийгээ тодруулахын тулд ядаж царайгаа хувиргах хэрэгтэй ш дээ.

-Танд тийм авьяас бий юу?

-Байгаа гэж боддог шүү. Би урьд нь “Эра” төвд тайзны техникийн багшаар ажиллаж, хэд хэдэн курс төгсгөсөн. Тодорхой хэмжээний шавь нартай. Дамжааны охидууд та мэргэжлээ буруу сонгосон байна гэж хэлтэл нь жүжиглэдэг байсан ш дээ. Хэхэ.

-Загварынханыг хоорондоо их тааруухан харьцаатай гэж хүмүүс ярьдаг?

-Зөвхөн загварынхан гэлтгүй эмэгтэй хүн олонтой газар хэл ам тасардаггүй. Гэхдээ манайхан би, чи дээ тулаад, хувцас хунараа урах дээрээ тулдаггүй. Яахав, миний бодлоор бусдын амжилтаар бахархаж сураагүй, атаархуу охид хов жив ярьж суудаг байх. Сүүлийн үед шинэ гарч ирж байгаа загвар өмсөгч охид маань бие биедээ хүндлэлгүй хандах нь ажиглагдах болсон. Зарим туршлагагүй охид “Гоёл”-ын тайзыг миссийн тайзтай андуурч өөрийгөө рекламдаад зогсчихдог болсон байна. Өөрөө л гоё сайхан харагдаж байвал сэтгэл хангалуун байж болохгүй. Тэр хүн тайзан дээр биеэ гайхуулах гэж биш дизайнерийн бүтээлийг харуулах ёстой гэдгээ маш сайн ойлгох ёстой. Хэн нэг нь үсээ самналгүй тайзан дээр гарчихлаа гэхэд Монголын загвар өмсөгчид гээд л бүгдийг нь хамруулж ярина ш дээ. Тэгэхээр урдаа зогсож байгаа нэг нь яараад хувцасаа хазгай өмсчихсөн байлаа гэхэд ардах нь янзлаад өгчих ухамсартай байх хэрэгтэй.

-Та тэр охидын дунд ажилладаг хүн. Энэ их хов живний дунд их сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй гэж боддог. Та ямар нэг зарчим баримталдаг уу?

-Миний хувьд ямар ч хүнтэй нэг зангаараа харьцаж, хүнийг хайрлаж хүндэлж, нэгэндээ урам хайрлаж байхыг хүсдэг. Хүн гэдэг амьтан энэ хорвоод нүгэл буян хоёрыг зэрэг үйлдэх гэж ирдэг нүгэлт амьтан боловч сэтгэлдээ гэгээн бодол тээж явбал хүнээс илүү хүчтэн байдаггүй. Энэ үгийг сэтгэлдээ санаж, амьдралынхаа мөрдлөг болгож явдаг даа.

-Америкт ухаан богинотой хүүхнүүдийг шаргал үстүүдээр төлөөлүүдэг. Харин монголд загвар өмсөгчид гэж ярьдаг болоод байгаа. Энэ талаар ямар бодолтой байна?

-Загвар өмсөгчдийг ганц хүний бодлогогүй  хэлсэн үг, гаргасан алдаагаар нь дүгнэж болохгүй байх. Нэг үгээр хэлбэл загвар өмсөгчид нэг хэвэнд цутгасан баримал биш шүү дээ. Хуцсан нохой болгон руу чулуу шиддэггүй гэдэг. Иймэрхүү хов живийг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд сурчихаж дээ.

-Загвар өмсөгч хүний гол зэвсэг туфли байдаг. Байнга өндөр өсгийт дээр алхахад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу. Та хамгийн дээд тал нь хэдэн см өсгийтэй туфли өмсдөг вэ?

-Таны хэлсэнээр загвар өмсөгч хүний хамгийн гол зэвсэг бол туфли байдаг учраас өмсөхөөс ч өөр аргагүй байдаг. Хамгийн дээд тал нь 12 см. Мэдээж эрүүл мэндэд, ялангуяа бөөрөнд муугаар нөлөөлдөг. Тийм болохоор эрүүл мэндээ зосиосолж байж загвар өмсдөг. Маш их тэсвэр тэвчээр, хөдөлмөр зарцуулдаг. Зарим хүн биднийг хялбархан ажил хийдэг гэж боддог байх. Тийм биш.

-Таны сарын орлого хэд вэ?

-Урилгаар энд тэнд клип, зураг авалт, тоглолтод оролцоод тодорхой хэмжээгээр хөлс авна. Мэдээж топ модель гэдэг утгаараа энгийн загвар өмсөгчдөөс илүү үнэлгээтэй байдаг. Ерөнхийдөө бол гайгүй ээ.

-Хэний загварууд таалагддаг юм? Хувцасаа хаанаас худалдаж авдаг вэ?

-Dolce Gabbanna-гийн загварууд их гоё. Бас Dior-ын даашинзнууд их дэгжин санагддаг. Гэхдээ заавал тийм, ийм фирмийн хувцас гээд туйлшраад байдаггүй л дээ. Надад зохих, таалагдах хувцас олон байгаа. Хувцасаа гадагшаа явахдаа аваад ирдэг. Манайхан жижиг биетэй учраас таарах хувцас хайж их явна шүү. Гэхдээ одоо манайд аятайхан хувцастай дэлгүүрүүд орж ирсэн байна лээ.

-Гоёл чимэглэлийн тухайд?

-Тайзан дээр нэлээд их гоёл чимэглэлийн зүйлс хэрэглэдэг боловч амьдрал дээр нэг их зүүдэггүй. Харин жижигхэн, чамин загварын ээмэг бугуйвч таалагддаг. Янз бүрийн гархи гинжнээс илүүтэйгээр залуу насаараа гоёх дуртай.

-Хувцасныхаа хэрэглээнд сард хичнээн төгрөг хувцасанд зарцуулдаг вэ?

-Таалагдсан хувцсандаа бол гар татахгүй. Эмэгтэй хүн чинь хөл нь өвдөөд байхад л гоё бараатай дэлгүүр рүү зүтгээд байдаг зантай ш дээ. Тэр хууль ёсоор дэлгүүр хэсэх их дуртай. Яг хичнээн төгрөг зарцуулдагаа тооцоолж үзээгүй л байна.

-Ингэхэд та найз залуутай юу? Харьцангуй даруу эмэгтэй гэж олон хүн таныг дүгнэдэг. Эсвэл нууцлаг байх нь таалагддаг юм уу?

-Байгаа. Гэхдээ би хүн болгонд амьдралаа тайлагнаад байдаггүй. Хувийн амьдрал бол хувийнх л байх ёстой.

-Залуучууд танилцах хүсэлт их тавьдаг байх даа

-Хааяа энд тэнд явж байхад танилцах гэдэг ч тэр болгонд эвтэйхэн ойлгуулаад өнгөрөөчихдөг. Тэгэхгүй бол танилцана гэсэн болгонтой нь танил, найз нөхөд гээд яваад байж болохгүй ш дээ.

-Тэгвэл сексийн талаар ярья л даа.

-Энэ талаар яримааргүй байна аа…

-Хайрын тухай ярих уу? Таныхаар хайр гэж юу вэ?

-Хайр хүмүүсийг уйлуулж, гомдоож, зовоодог хэдий ч нөгөө талаараа бусдад аз жаргал, баяр баясал өгдөг далдын хүч юм болов уу гэж боддог. Гэхдээ энэ гацуур шиг үргэлж гоё өнгөөр гэрэлтээд байхгүй л дээ. Гундах үедээ гундана.

-Тэгвэл хайрыг ямар нэг биетэй зүйлээр орлуулбал юу байх байсан бол?

-Биетэй зүйлээр орлуулж хэлэхэд үнэхээр хэцүү. Сэтгэл санааны хүчтэй илэрдэг хэлбэр юм уу даа. Тэгэхээр миний хувьд хайр гэдэг тулах цэггүй, барих баримжаагүй, хамгийн хоосон, хамгийн бодит зүйл юм. Бүхнийг чадах хүчтэй мөртлөө хамгийн энгийнээр илэрдэг мэдрэмж.

-Чиний хувьд хайр их гашуун байсан юм шиг санагдчихлаа. Өмнөх найз залуугийнхаа талаар жаахан яриач дээ?

-Би үргэлж урагш тэмүүлж амьдрахыг хичээдэг. Тэрнээс биш ухарч, арагшаа гишгэхийг хүсдэггүй. Эргээд харахад өнгөрсөн амьдралд маань харамсах зүйл үлдээгүй байгаасай гэж хүсдэг. Тэгэхээр гашуун ч бай, амттай ч бай би сэтгэл хангалуун байдаг.

-Та гэр бүлтэй болох талаар бодож үзсэн үү?

-Мэдээж. Заримдаа найзуудынхаа хүүхдүүдийг харахаар их хөөрхөн, эгдүүтэй санагддаг. Хааяа ээж болохыг, тийм жаахан амьтантай болохыг хүсэлгүй яахав. Гэхдээ би одоохондоо залуу байна. Сурч боловсрох хэрэгтэй. Эмэгтэй хүн өөрийгөө тодорхой хэмжээгээр бэлдэх, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болсоны дараах асуудал гэж боддог. Хэзээ нэгэн цагт мэдээж би ээж болно, айлын гэргий болно. Тэр болтол өөр зүйл хийж байя.

-Их мөрөөдөмтгий эмэгтэй юм уу даа?

-Угаасаа эмэгтэй хүмүүс их эмзэг, мөрөөдөмтгий байдаг шүү дээ. Би ч тэдний нэгэн адилаар мөрөөднө. Би аз жаргалтай төгсдөг кинонд дуртай. Заримдаа гол дүрийн баатартай өөрийгөө харьцуулна. Орлуулж ч үзнэ. Ер нь их сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гунигтай төгсгөл надад таагүй мэдрэмж төрүүлдэг. Ер нь хүн мөрөөдөж байж л амьдардаг биз дээ.

-Үлгэрт, кинонд гардаг шиг тийм аз жаргал байдаг гэдэгт итгэдэг үү?

-Итгэдэг. Мэдээж киног амьдралаас сэдэвлэн бүтээдэг болохоор надад ч бас тийм сайхан учрал тохиох юм шиг санагддаг. Санаандгүй учралаар хэн нэгэнтэй тааралдаад цаашдаа тэр нь хайр дулал болох ч юм шиг. Хэхэ.

-Гэхдээ та санаандгүй тааралдсан залуутайгаа танилцдаггүй гэсэн ш дээ.

-Энэ бол өөр. Нэг гоё романтик мөрөөдөл л байхгүй юу даа. Надад цаашид юу тохиолдохыг, би хэнтэй учрахыг мэдэхгүй шүү дээ.

-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.

 
 
 Т.Нипонь /2007 оны 12 сарын 19/

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2010-03-02 103.26.194.83

Uneheer gaikhaltai busgui. Az jargal hamgiin sain saihan bukhniig husen eruuy!

Avatar

Зочин 2010-03-02 103.26.194.83

Үнэхээр гайхалтай бүсгүй. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж