Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдаан боллоо

ГХЯ-ны
Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С. Бадрал 2 дугаар сарын 29-нд
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 19 дүгээр чуулганы хүрээнд Женев хотноо
болсон «Интернэт Эрх чөлөө» сэдэвт тусгай ярилцлага хуралд оролцов. Мөн
29-нд Японы Гадаад хэргийн яамны Хүний эрх, хүмүүнлэгийн асуудал
эрхэлсэн хэлтсийн дарга Кожи Абэ-тэй зөвлөлдөх уулзалт хийж, АОХН-ийн
хүрээнд хамтран ажиллах асуудлууд, сэдвийн талаар санал солилцлоо.

АОХН-ийн
Удирдах Зөвлөлийн III хуралдаан 3 дугаар сарын 1-нд Женев хотноо
боллоо. Хуралдаанаар Гүйцэтгэх хорооны мандат, дотоод журмын төсөл,
Байнгын нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
болон бусад ажилтнуудыг сонгон шалгаруулж томилох журам, Улаанбаатар
хотноо ирэх 7 дугаар сард хуралдах Удирдах Зөвлөлийн IV хуралдааны
бэлтгэл зэрэг асуудлыг авч хэлэлцэв. Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд
С. Бадрал Удирдах Зөвлөлийн даргын хувьд тус хуралдааныг даргалан,
АОХН-ийн дарга орон Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга
хэмжээнүүдийн явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

Хуралдаанд
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дэх салбарын
Ерөнхий захирал К.Ж. Токаев оролцон, АОХН-ийн Удирдах Зөвлөлийн
хуралдааныг Женевт зохион байгуулдаг болж буйд талархал илэрхийлээд
Женев дэх НҮБ-ын байгууллагууд, түүний дотор Хүний эрхийн зөвлөлийн
хүрээнд хамтран ажиллах боломж, бололцоо их байгааг тэмдэглэв.

Мөн
Польшийн Гадаад хэргийн дэд сайд Гражина Британович, АНУ-ын Төрийн
нарийн бичгийн даргын орлогч Эштер  Бриммер, АОХН-ийн Парламөнтын
Форумын Ерөнхийлөгч Э.Зингерс, АОХН-ийн Удирдах Зөвлөлийн 25 гишүүн орны
ГХЯ-ны газрын дарга нар, Женев дэх элчин сайд нар оролцож, Женевт
АОХН-ийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа Монгол Улсын санаачилга, зүтгэл
чармайлтад талархал илэрхийлэв. Элчин сайд С. Бадрал мөн өдөр НҮБ-ын
хэвлэлийн төвд болсон хэвлэлийн бага хуралд оролцож, АОХН-ийн үйл
ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

АОХН-ийн Гүйцэтгэх хорооны
III хуралдаан 3 дугаар сарын 2-нд Женев хотноо болов. Тусгай үүрэг
гүйцэтгэгч Элчин сайд С. Бадрал тус хуралдааныг удирдан явуулж, 3 дугаар
сарын 1-нд хуралдсан АОХН-ийн Удирдах Зөвлөлийн III хуралдааны
шийдвэрийн мөрөөр авах арга хэмжээ, 7 дугаар сард Улаанбаатарт болох
Удирдах Зөвлөлийн IV хуралдааны бэлтгэл, ирэх 2013 онд Улаанбаатарт
болох Сайд нарын VII бага хурлын бэлтгэлд орох зэрэг асуудал
хэлэлцүүлэв. Мөн НҮБ-ын хүрээнд Женев болон Нью-Йорк хотноо авч
хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар зөвлөлдөж, тодорхой зөвлөмжүүд
гаргав.

Дээрх арга хэмжээнүүдэд Монгол Улсаас Женевт суугаа
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л. Оргил, Польш Улсад суугаа Элчин сайд О.
Дамбийням нар мөн оролцлоо гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж