Ерөнхий сайд С.Батболд Японд айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд С.Батболд Японд айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2012 оны 3 дугаар сарын 11-15-нд албан ёсны айлчлал хийнэ.

 Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нода-тай хэлэлцээ хийнэ. Мөн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Т.Ёкомичи, Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата нарт бараалхан Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Гэнба болон Эдийн засаг, үйлдвэрийн сайд Ю.Эдано нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Ерөнхий сайд С.Батболд Токио хотноо зохиогдох Монгол, Японы бизнес семинарт оролцож үг хэлнэ.

Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын төр, засгийн удирдлагатай  Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар болон харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/-ны удирдлага, мөн манай эрдэс баялаг, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзаж, монголын уул уурхай, түүнийг тойрсон дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно.  

Ерөнхий сайд С.Батболд Японы зүүн бүсэд болсон байгалийн гамшгаас хойш 1 жил өнгөрч буйтай холбогдуулан  3 дугаар сарын 11-ний өдөр Токио хотноо зохион байгуулагдах Гамшигт амь үрэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх цуглаанд оролцоно.

Ерөнхий сайд С.Батболд Японы Осака мужид зочилж, Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлтийн ёслолд оролцоно.

Ерөнхий сайд С.Батболд Токиод байх хугацаандаа Япон Улсад  ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийнэ.

Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийх айлчлал нь Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байна.

Ерөнхий сайд нарын хэлэлцээний дүнгээр хоёр тал Хэвлэлийн хамтарсан мэдэгдэл гаргана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж