Эдийн засгийн чуулган өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн чуулган өндөрлөлөө

Хөгжилд хамтдаа уриан дор эхэлсэн Монголын эдийн засгийн чуулга уулзалт өндөрлөөд байна. Чуулга уулзалтаар энэ удаад эдийн засгийн өсөлтийг хэрхэн зүй зохистой шингээх, мөчлөг дагасан сангийн бодлого болон мөнгөний бодлогыг хэрхэн уялдуулах. Эдийн засгаа хэрхэн төрөлжүүлж олон тулгууртай болгох талаар мөн эрдэс баялгийн салбараас орж буй өндөр орлогыг эдийн засгийн идэвхижлийг даган нэмэгдэх санхүүгийн эрэлттэй хэрхэн зөв холбох талаар хэлэлцлээ. Мөн тэтгэврийн тогтолцооны өнөөгийн байдал, түүний давуу болон сул талуудыг эдийн засаг нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан авч үзэж, төрийн тэтгэврийн систем болон хувийн тэтгэврийн систем нэгдмэл цогц болохын хувьд Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд цогц байдлаар шийдвэрлэх боломжуудын талаар эрэлхийллээ. Монголын эдийн засгийн чуулга уулзалтад гадаад, дотоодын 1000 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулга уулзалт маргааш хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Энэхүү чуулга уулзалтад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл оролцож үг хэлэхээр төлөвлөөд байна. Мөн чуулга уулзалт өнөөдрийн адил салбар хуралдаануудаар үргэлжилнэ. Ингэхдээ нэгдсэн хуралдаан “Ногоон эдийн засгаас хүрэн эдийн засаг руу” сэдвийн дор болох бол салбар хуралдаанууд “Эдийн засгийн хөгжил-хүртээмжтэй өсөлт”, “Төсвийн зарцуулалт ба татвар төлөгчдийн хяналт” зэрэг сэдвийн дор үргэлжилнэ.

Түүнчлэн Монголын эдийн засгийн чуулга уулзалтын үр дүнг нэгтгэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хаалтын үг хэлэх юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж