Залуу тенор “Богема”-ыг амьдрууллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Залуу тенор “Богема”-ыг амьдрууллаа

Мими.. Мими… хэмээн Рудольф эмгэнэлтэйгээр хашгирч байна. Үзэгчид “Браво браво” хэмээн суудлаасаа босч алга ташиж байна…. Үзэгчид бүгд гунигт автаж, Мими хэмээн хашгирах Рудольфийн гашуудлыг түүнтэй хамт хувцаалцаж байв. Энэ бол Ж.Пуччинийн алдарт “La Bohema” буюу “Богема” дуурийн төгсгөл байлаа.

Өнгөрсөн бямба гаригт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энэ өдөр Ж.Пуччинийн “Богема” дуурийг мэдрэхээр ийнхүү үзэгчид театрт цугласан байв. Дуурийн урлагийн хаан гэгдэх “Богема” дуурийн нэрний утга нь дээр үед италичууд асар их авьяастай ч мөнгөгүй, ядуугаасаа болж нэрд гарч чаддагүй, гэсэн ч энэ бүхэндээ шаналж, гутардаггүй уран бүтээлчдийг “богемчууд” хэмээн нэрлэдэг байж. Ж.Пуччини энэхүү дууриа А.Мюржегийн “Богемчуудын амьдрал” хэмээх романсаас сэдэвлэн бичсэн аж. Тэрбээр “Богема” дууриар авьяас хэмээх асар их баялаг бүхий уран бүтээлч залуус мөнгөгүйгээс болж ямар өрөвдмөөр нийгэмд амьдарч байгааг харуулжээ. Түүний энэхүү дуурийн гол утга одоо ч үзэгчдийн сэтгэлийг өвтгөсөөр байна.

Парист өвөл иржээ. Гэрт хүйтэн бас харанхуй, идэх хоолгүй ч яруу найрагч Рудольф, зураач Марсель, хөгжимчин Шонар, гүн ухаанч Коллен нар хөгжилтэй, жаргалтай байцгаана. Тэд бол авьяаслаг залуус. Гэхдээ мөнгөгүй, ядуу хоосон. Сэтгэлээрээ үргэлж баян байж чаддаг уран бүтээлчид. Яруу найрагч Рудольф хажуугийн хөрш эмэгтэй Мими гал асуусаар тэднийг орж ирэх тэр өдрөөс хойш Мими, Рудольф хоёр нэг нэгэндээ сэтгэл алдарч, бие биедээ дурласнаар дуурийн нэгдүгээр үзэгдэл өндөрлөнө. Энэ үдэш Мимид Б.Эрдэнэтуяа, Рудольфийн дүрд театрын залуу тенор Б.Гомбо-Очир, Марсельд М.Болд, Колленд О.Хүрэлбаатар, Шонарт Ц.Баттөр, Мюзеттад Н.Туяа нар тоглов. Залуу тенор Б.Гомбо-Очир үзэгчдийг эзэмдэж, авьяас чадлаа гайхуулсан. Тэрбээр ядуу зураач Рудольфийн дүрийг тайзнаа 100 хувь амилуулсан. Үзэгчид түүний дуу хоолой, жүжиглэлтэд уусан орох шиг бүгд л амьсгаа даран сонссон. Б.Гомбо-Очир нь театрт энэ улирлаас эхлэн ажиллаж байгаа бөгөөд Соёл урлагийн их сургуулийг өнгөрсөн хавар дуурийн дуучин мэргэжлээр төгссөн. Б.Гомбо-Очир нь өмнө нь Ж.Вердийн “Аида” дуурийн Радамест тоглож, үзэгчдийн өмнө шалгалтаа амжилттай өгч, театрын гоцлол дуучнаар орсон. Дуурийн театрын гоцлол дуучнаар орсноос хойшхи анхны том дүр нь Рудольф байв.

Мэдээж Б.Гомбо-Очирын Рудольфийн дүр үзэгчдэд таалагдсан, үзэгчид түүнд харамгүй алга ташилтыг илгээсэн. Одоо бол тэр дуурийн урлагт дуртай үзэгчдийн сонсох дуртай, үзэх дуртай теноруудын нэг болсон. Мими хүнд өвчтэй, бие муутай бүсгүй. Ядуу яруу найрагч Рудольф Мимигээс салвал өөр баян хүнтэй сууж, өвчиныг нь эдгээж өгнө гэсэн бодолдоо итгэж, Мимигээс сална. Гэвч хөөрхий бүсгүй Мими түүний салах шалтгааныг олж мэдсэнэээр Рудольфийг зовоохгүй гэсэндээ хавар хүртэл хамт байхыг хүснэ. Хавар болжээ. Рудольф Мимиг санагалзан байхад зураач Марселийг дурлалт бүсгүй Мюзетта гаднаас гүйн гэрт орж ирэв. Тэрбээр Мимигийн бие маш буу байгааг өгүүлж, гадаа ирээд байгааг нь хэлнэ. Мими бүсгүй гэрт орж ирэв. Рудольф түүнийг оронд хэвтүүлж, хайрынхаа тухай ярилцаж, өнгөрсөн бүхнийг дурсан ярьцгаана. Эмч дуудахаар гарсан Марсель, ээмгээ зарж эм авахаар явсан Мюзетта, тусламж дуудахаар гарцгаасан Коллен, Шонар нар орж яаран гүйсээр орж ирлээ. Хөөрхий Мими санаа нь амарсан бололтой, намуун дуугаар тэдэнтэй ярилцсаар унтаж орхих нь тэр. Түүний түр зуур амарч байна гэж бодох Рудольф. Нөхөдтэйгээ хэрхэн Мимиг аврах тухай ярилцана. Шонар Мимиг энэ хорвоогоос үүрд явсныг анзаарч мэдэв. Коллен, Мюзетта, Марсель, Коллен нар ч мэдлээ. Рудольф итгэж ядан тэр амарч байна хэмээсээр Мими…Мими.. хэмээн эмгэнэлтгэйрээ хашгирсаар хөшиг хаагдлаа. Сэтгэл өвдөм, эмгэнэлт “Богема” дуурь ийнхүү үзэгчдийг гунигт автуулж орхилоо.

Залуу тенор Б.Гомбо-Очирт дахин дахин баяр хүргэе, тэр энэ үдшийн эзэн нь байж, үзэгчдийг гуниглуулж, баярлуулж чадлаа. Харин ирэх бямба гаригт Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурьтай.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж