Хариуцлагатай уул уурхайн талаар сургалт явуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Хариуцлагатай уул уурхайн талаар сургалт явуулна

“Оролцооны гэрээ ба хариуцлагатай уул уурхайг орон нутагт хөгжүүлэх арга зам” сэдэвт сургалт семинарыг тавдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна. Хүний эрх хөгжил төв Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Байгаль орчны менежментийн засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд энэхүү семинар болох ажээ. Манай улсад сүүлийн 20 гаруй жил олборлох үйлдвэрлэл эрс хурдацтай хөгжиж, эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйлсийн нэг болсон ч байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хүндэтгэх тал дээр туйлын хариуцлагагүй явж иржээ. Үүний гол шалтгаануудын нэг нь орон нутгийн иргэдийн хяналт, оролцоо хангалтгүй байгаа юм. Энэ нь ашигт малтмалын болон байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжуудад уул уурхайн компаниудын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд тавих орон нутгийн иргэдийн хяналт оролцоог тодорхой хуульчлаагүйтэй ч мөн холбоотой ажээ. Уул уурхайн компани, нутгийн захиргааны байгууллага иргэдийн ямар ч хяналт, оролцоогүйгээр гэрээ байгуулж, хандив тусламж өгч авалцаж, түүнийгээ хяналтгүй зарцуулж байгаа нь орон нутагт авлигыг өөгшүүлэхэд хүргэж байна гэж семинар зохион байгуулагчид үзэж байгаа ажээ.
Иймд бүх талуудын тэгш оролцоотой гурвалсан гэрээ буюу “Оролцооны гэрээ” байгуулах замаар талуудын итгэлцэл харилцан ойлголцол, шударга байдалд түшиглэсэн үр ашигтай харилцаа буюу орон нутагт уул уурхайг хариуцлагатайгаар хөгжүүлж болно гэдгийг олон нийтэд ойлгуулах үүднээс сургалт семинарыг зохион байгуулах юм байна.  Семинар тавдугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын 11 дүгээр байранд болох ажээ.

Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж