“Яармагт барих хорооллын дэд бүтэц асуудалтай байна”

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

“Яармагт барих хорооллын дэд бүтэц асуудалтай байна”

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд долоон чиглэлийн гэр хорооллыг орон сууцжуулах болон хорооллыг шинээр барих ажлыг хийж байна. Эхний ээлжинд Буянт-Ухаа, Баянголын аманд, Яармаг, 14 дүгээр хороолол, Зүүн сэлбэ, долдугаар хороолол, Радио телевизийн орчмоор нийт 28190 өрхийн орон сууцыг  барих ажлыг хийх юм байна.  Энэхүү барилгажилтын хүрээнд дэд бүтэц буюу дулаан, цэвэр, бохир усны шугамын барилгажилтын талаар НБХТГ-ын ус суваг хариуцсан мэргэжилтэн Т.Чимэд-Очироос тодрууллаа.

-Эхний ээлжинд долоон чиглэлийн байршилд шинэ орон сууц барихтай холбоотойгоор чиглэл тус бүрийн дэд бүтцийн ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Ер нь эхний ээлжинд 7 дугаар хорооллыг барилгажуулах ерөнхий төлөвлөгөө хийгдсэн. Үүнтэй уялдуулаад, цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах чиглэлийн ажлыг хийж байна. Зураг төсөл нь хийгдээд бэлэн болсон, гүйцэтгэх компани нь бэлэн болсон. Энэ хавраас цэвэр, бохир усны магистрал шугамыг суурилуулаад эхлэх юм. Ингэхээр тэнд орон сууц барихаар газраа чөлөөлсөн компани барилгаа барина. Энэ хугацаанд шугам сүлжээ баригдаад хэрэгжих боломжтой болж байгаа юм. Радио телевиз болон Зүүн сэлбэ орчимд барих орон сууцны хорооллыг  нь техник нөхцөл буюу дулаан, цэвэр бохир усны шугамын зураг төслийг хийгээд бараг бэлэн болчихсон. Одоо хавраас барилгажих төлөвлөгөөтэй байна. 14 дүгээр хороололд барих орон сууцны хувьд ерөнхий төлөвлөгөө зураг төсөл нь бэлэн. Энд гол магистрал шугам хийх шаардлагагүй. Хуучин байсан шугам салбар шугамуудад нь холбоод өгвөл цэвэр, бохир усны шугам  асуудалгүй болох юм.

Баянголын аманд барих орон сууцны тухайд бохир болон цэвэр усны систем шийдвэрлэгдсэн. Одоо байгаа шугаманаасаа шууд татаад  цэвэр бохир усаа татах юм. Харин одоогийн байдлаар дулааны асуудалтай байна.

Нисэх, Яармагын тухайд, зураг төслийн ажил хийгдэн, батлагдаагүй байна. Эдгээр байршилд Нисэхийн цэвэрлэх байгууламж байдаг нь зөвхөн Нисэхийн орчмын хүчин чадлыг хангах юм. Тодруулбал, Морингийн давааны орчим хоногт 20 мянган м/куб ус олох хүчин чадалтай эх үүсвэр олсон. Энэ эх үүсвэрээс нисэх орчмыг хангах зураг төсөл нь хийгдээд бэлэн болсон байна. Харин яармаг орчимд баригдах орон сууцанд цэвэр усыг татах болон бохир усыг татан гаргах усны эх үүсвэргүй болчихоод байна.

-Тэгвэл яармаг орчмыг хангах эх үүсвэрийг хэрхэн олох вэ?

-Цаашаа яармаг орчмыг хангах эх үүсвэр хүрэлцэхгүй учир Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны Койка  байгууллагаас 20 мянган м/куб усны эх үүсвэрийг нөөц гаргахаар зураг төсөл нь бэлэн боллоо. Нисэхийн болон солонгосоос гаргахаар болсон энэ хоёр эх үүсвэрээс яармаг орчмыг хангаж болно. Үндсэндээ нисэх, яармаг орчны цэвэр усны эх үүсвэр нь хотоос тусдаа байна гэсэн үг юм.  Яармаг, нисэх хавийн нэгдсэн нэг байгууламжтай байхаар шийдэл буюу захирамж нь гарсан. Зураг төсөл нь хийгдэх шатандаа явж байна. Бэлэн болчихвол яармаг орчмыг цэвэр усаас хангаж, бохир усыг татан зайлуулах боломжтой болно. Үндсэндээ одоогийн байдлаар тулгарч буй том асуудал бол нисэх,яармаг хавийн дэд бүтэц байна гэсэн үг юм. 

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж