Хууль бусаар шашин сурталчилж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Хууль бусаар шашин сурталчилж байжээ

Ховд аймгийн хэмжээнд өн­гөр­сөн онд гурван орны 133 гадаадын иргэн, зургаан аж ахуй нэгжид захиргааны арга хэмжээ авч, 39 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна. Эдгээр иргэд нь Монгол Улсын виз бүртгэлийн болон оршин суух журам зөрчсөн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөл­мөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэргээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зохих зүйл заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон гэж Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн Ховд аймаг дахь албанаас мэдээллэсэн байна. Мөн Ховд аймагт  хууль бусаар шашны үйл ажиллагаа явуулж байсан Япон улсын хоёр иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ. Японы иргэн Такаги Юка, Такибана Казука нар нь орон нутагт хууль бусаар шашны үйл ажиллагаа явуулж байсан тул дээрх буруутай үйлдэлд нь торгуулийн арга хэмжээ авч Монгол Улсаас албадан гаргасан байна. Нэг нь “Ховд” их сургуульд оюутан, нөгөө нь гадаадын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөлтэй байжээ. Гадаадын иргэн аж ахуйн нэгжүүд шашны үйл ажиллагаа явуулахаар бол хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр тухайн үйл ажиллагаагаа явуулдаг юм хэмээн тус албанаас мэдээлсэн байна.
 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж