И-мэйл маркетинг үйлчилгээг нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

И-мэйл маркетинг үйлчилгээг нэвтрүүллээ

Энэ оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг “Бизнесийн шинэчлэл-татварын нээлттэй орчин” уриан дор өчигдрөөс эхлэн Монгол орон даяар зохион байгуулж байгаа билээ. Уг өдөрлөгөөр татвар төлөгчдөд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хүртээмжтэй, өгөөжтэй төвшинд хүргэхийг зорьж байгаа юм байна. Тиймээс өнөөдөр сэтгүүлч нар татварын газрын үйл ажиллагаатай танилцсан юм. Татвар төлөгчдөд зориулж и-мэйл маркетинг үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа ТЕГ-ын удирдлагууд сэтгүүлч нарт дуулгав. Энэхүү үйлчилгээ нь хамгийн найдвартай  бөгөөд эрсдэл багатай сурталчилгааны хэлбэр аж. Анхны и-мэйл маркетингийн үйлчилгээг Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар, дэд дарга Ч.Жигжид, Ж.Батбаяр нар илгээсэн юм. Энэхүү үйлчилгээг сонгосноор нэгэн зэрэг 120 мянган  хүнд мэдээллээ хүргэх давуу талтай гэдгийг албаны хүмүүс онцолсон. Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтсийнхэн өдөрлөг зохион байгуулж, дүүргийн тэргүүний татвар төлөгч, аж ахуй нэгжүүдийг шагнаж урамшуулсан юм. Энэхүү өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд тус дүүргийн 59 дүгээр цэцэрлэгийн  авьяаслаг багачууд хамгийн сайн цагаа барьж, уран гимнастик үзүүлж цугласан  олныг баясгасан. Мөн Сүхбаатар, Хан-Уул дүүргийн татварын ерөнхий газрын нэг цэгийн үйлчилгээтэй сэтгүүлчдийг танилцах боломжийг олгосон. “Бид нэг цэгийн үйлчилгээгээ ая тухтай орчинд явуулах, түүнчлэн байцаагч нарынхаа ур чадварт ихээхэн анхаарч ажиллаж байна" хэмээн тус дүүргийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Ж.Мандах ярилаа. Энэ дүүрэгт 11800 татвар төлөгч байдаг бөгөөд өдөрт 400-500 хүнд үйлчилдэг аж. Харин ХУД-ийн Татварын хэлтэс Монголд анхны нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн юм байна.

“Ачаалал ихтэй үед өдөрт 150-300, ачаалал багатай үед 10-20 хүнд үйлчилдэг гэнэ. Тус дүүргийн  хэмжээнд 4000 гаруй аж ахуйн нэгж, 5000 гаруй иргэн байнгын татвар төлдөг юм байна. Татвар төлөгчтэйгээ илэн далангүй ил тод ажиллаж итгэлийг нь олж чадвал Монгол Улсын төсөв бүрдэнэ. Төсөв бүрдсэнээр улс орон, эдийн засаг, нийгмийн хөгжлийн томоохон зорилтууд хэрэгжих бололцоотой. Улсын төсвийн орлого сайн биелснээр цалин, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хөтөлбөрүүд хэрэгжих боломжтой” гэдгийг албаны хүмүүс онцолж байсан. Найдвартай татвар төлөгч 100 гаруй аж ахуй нэгжийг энэ сарын 7-нд тодруулах аж. “Энэ ёслолын ажиллагааг өмнөх жилүүд шиг хүнд сурталтай, төсвийн хөрөнгө  зарсан байдлаар бус нэлээн өвөрмөцөөр зохион байгуулна. Уг арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд С.Батболд нарыг урьсан.  Аливаа өндөр хөгжилтэй улс орнуудад татвараа сайн төлдөг аж ахуй нэгжийн удирдлагатай эзэн хаан нь юм уу, төрийн тэргүүн нь хамт зургаа татуулдаг. Энэ нь маш том урамшуулал болдог юм. Манайд ч  гэсэн энэ арга хэмжээг хэрэгжүүлж болно” хэмээн Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар ярилаа. Дээрх өдөрлөг энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх  бөгөөд хамгийн гол нь татвар төлөгч нарын үйл ажиллагаа нийтэд түлхүү сурталчлах зорилготой гэнэ. Мөн ТЕГ-ын хамт олон татварын талаар олон түмэнд хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй хүргэж байгаа Боловсрол телевизийн сэтгүүлч н.Сарантуяа, “Зууны мэдээ“ сонины сэтгүүлч С.Цэцэгмаа нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж