Хожуу учирсан хувь тавилан

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Хожуу учирсан хувь тавилан

Авьяастайн дээр бүсгүй хүний сайхан шинж чанарыг агуулсан, олон жилийг
ганц бие үдсэн гээд жүжигчин Б.Эрдэнэцэцэгийг улам сонирхолтой болгох
зүйл чамгүй их. Хүний амьдралын эрээн бараантай баялаг он цагийг тэр
өөрийнхөөрөө туулж ирсэн бүсгүй.

Уг нь жүжигчин бүсгүй эмч
мэргэжилтэй. Эмч болох гэж их ч мэрийж, Анагаахын дунд сургуулийг онц
дүнтэй дүүргэн Анагаахын дээд сургуульд сурах урилга гардсан ч нэг л
өдөр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн үү, хувь зохиол нь дуудсан уу УБДС-ийн
кино драмын ангид шалгалт өгч тэнцэн их урлагт хөл тавьсанаа дурсан
ярьдаг. Одоо ч хааяахан би эмч болсон бол.. гэж жүжигчин бүсгүй санаа
алддаг гэсэн.

Урлагийн алтан тайз түүнд ээлээ өгсөн. Драмын
урлагийнханы шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадмаас нэг жил 2 муза
гардаж урлагийн охин тэнгэрийн ивээлд багтаж байв. Бас шаггүй сайн
дуулчихна, шүлэг найраг оролдоно, жүжиг найруулна гээд тал талын
авьяастай. Юутай ч мэргэжлийн хүрээнийхэн нь түүнийг дотор сайтай адтай
жүжигчин хэмээн үнэлдэг юм билээ.

Аливаа зүйл заавал золиос
шаарддагийн нэгэн адил залуу халуун насаа урлагт зориулсан энэ сайхан
эмэгтэй чамгүй олон жилийг ганцаар үдсэн юм. Хэлж тааварлаж болдоггүй
хувь тавилангаар ч юм уу, эсвэл заяаны хань нь биш ч байсан юм уу анхны
нөхрөөсөө хүү тэвэрч үлдсэн Ц.Эрдэнэцэцэг гадаа гарч эр, гэрт орж эм
болж явсаар хүүгээ эрийн цээнд хүргэсэн гэдэг. Умравдан хэмээх ховор
содон нэртэй хүү нь хаа очиж хүмүүжил сайтай, зөөлөн зантай ээжийнхээ
жинхэнэ өмөг түшиг болсон хол явах хүү хэмээн жүжигчний ойр дотныхон нь
хуучилдаг.  

Бурхан буянтай хүнд сайн хань заяана гэгчээр сайхан
сэтгэлтэй, буянлаг төрхтэй энэ эмэгтэй хожуу ч гэсэн жинхэнэ хайраа олж
аз жаргалтай амьдарч байна. Нийслэлийн томоохон сүлжээ худалдааны
төвүүдийн нэг “Оргил”-ын гүйцэтгэх захирал Н.Наранбаатар хэмээх хаанаас
нь ч харсан монгол эр хүний шинжийг агуулсан эрхэм жүжигчин бүсгүйн уран
бүтээлийн фен төдийгүй нэг л өдөр зүрх гарган утас цохиж танилцах
хүсэлтээ тавьж байсан гэдэг. Анхны эхнэрээсээ салаад багагүй удсан,
зураг шиг хөөрхөн ганц охинтой Н.Наранбаатар ноёнтон, амьдралынх нь өмөг
түшиг, утга учир болж ирсэн ганц хүүтэй Б.Эрдэнэцэцэг хоёр хамтран
амьдраад жил гаруйн нүүр үзэж байгаа ажээ.

Энэхэн замбуутивийн
уужмаасаа дуулж л ирээд учирсан юмсан даа хэмээн дуунд гардаг шиг бие
биенээ олж ханилсан тэд ёстой нуур нугас шиг эв найртай амьдардагийг нь
найз нөхөд нь бахдан ярих дуртай. Хэдийгээр том болсон ч гэсэн хүү, охин
хоёр нь шууд л аав, ээж болоод явчихсан нь заяа төөргийнх гэмээр. Үс,
зүсээрээ учиргүй адилхан ээж, охин хоёр хаа ч цуг явах нь мэдэхгүй хүнд 
ээжтэйгээ яасан адилхан охин бэ гэж харахаар юм билээ. Энх-Өлзий хэмээх
мөн л өвөрмөц нэртэй хөөрхөн охин ээжтэйгээ тун ч амь нэгтэй бололтой. 
Ийм л сонин ч гэмээр хувь тохиолоор учирсан гэр бүл халуун бүлээрээ энэ
намрын нэг налгар өдөр дэлгүүр хэсч яваад бидний дуранд өртсөн нь энэ.

Олон
жилийн дараа ханийн хайр, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд нялхарч
буй жүжигчин Б.Эрдэнэцэцэгтээ шүтэн бишрэгчдийнх нь өмнөөс аз жаргал
хүсье. 

http://www.grandnews.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж