
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яригдсан зүйлүүд нь төрийн нууцад хамаарах учир энэхүү хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй гэх тайлбарыг шүүхээс өгсөн. Энэхүү асуудалд МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хэрэв уг хэргийг шийдвэрлэхэд миний бие байлцах хэрэгтэй бол дуртайяа оролцоно. Гэхдээ өнөөдрийн байдлаар шүүхээс намайг гэрчээр оролцох тухай санал ирээгүй байна. Шүүх хурал нь хэлбэр төдий бус, нухацтай, үнэнийг илрүүлэх хурал болоосой гэж бодож байна. Энэ хурал нээлттэй болох ёстой. Телевизүүд шүүх хурлыг шууд дамжуулж, бүх сэтгүүлчид, ард түмэнд нээлттэй болох ёстой. Шүүх хурлын үеэр Монгол Улсын нууцын зэрэглэлд хамаарах зүйл яригдана гэх үндэслэлээр хаалттай зарлаж байгаа. Үнэн хэрэгтээ энд нууц гээд байх зүйл байхгүй. Анх Э.Бат-Үүл гишүүн энэ хэргийг нууц гэж УИХ-д оруулснаас болоод ийм байдалд хүрээд байгаа юм” гэх хариулт өгсөн юм.