Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Шинэ аваргууд төрлөө

Монгол Улсын Засгийн газраас баталсан тогтоолын дагуу зохион байгуулж буй Монголын бүх ард түмний XIII их наадмын ширээний теннисний тэмцээн гуравдугаар сарын 2-4-нд “Оч” клубт боллоо. Тэмцээнд зургаан бүсээс шалгарсан шилдэг 16 багийн (21 байгууллагa) 112 тамирчин эрэгтэй, эмэгтэй баг, эрэгтэй, эмэгтэй нэг бүрчилсэн болон эрэгтэй, эмэгтэй хос гэсэн төрөлд өрсөлдсөн юм.

Энэ жилийн их наадамд ганцаарчилсан төрөлд шинэ аваргууд төрж, эгч, дүү хоёр хосын төрөлд түрүүлэв.

Тэмцээний дүнг танилцуулъя.

Эмэгтэй, нэг бүрчилсэн:

Алт: Б.Эрдэнэсувд (Баянхонгор)
Мөнгө: А.Анх-Эрдэнэ (Алдар)
Хүрэл: Б.Батхишиг (улсын зургаан удаагийн аварга)

Эрэгтэй, нэг бүрчилсэн:

Алт: З.Төрболд (Чингэлтэй дүүрэг)
Мөнгө: Т.Энхтөр (Чингэлтэй дүүрэг, 2007 оны улсын аварга)
Хүрэл: Л.Алтантулга (Хүч хороо, улсын дөрвөн удаагийн аварга)

Эмэгтэй, хосын төрөлд:

Алт: М.Дэлгэрмаа, М.Баярмаа (Баянгол дүүрэг)
Мөнгө: Б.Батхишиг, О.Содболор (Хүч)
Хүрэл: Б.Энхжин, С.Мишээл (Алдар)

Эрэгтэй, хосын төрөлд:

Алт: Л.Алтантулга, Э.Лхагвасүрэн (Хүч)
Мөнгө: Т.Энхтөр, Б.Баатарсүрэн (Чингэлтэй дүүрэг)
Хүрэл: Б.Билэгт, Н.Чинзориг (Баянгол дүүрэг)

Эмэгтэй, багийн төрөлд:

Алт: "Хүч" спорт хороо, дасгалжуулагч С.Галбадрах
Мөнгө: Баянгол дүүрэг, дасгалжуулагч М.Мэргэн
Хүрэл: "Аврагч" спорт хороо, дасгалжуулагч Н.Баярсайхан

Эрэгтэй, багийн төрөлд:

Алт: "Хүч" спорт хороо, дасгалжуулагч С.Галбадрах
Мөнгө: "Алдар" спорт хороо, МБАТ-ний анхдугаар их наадмын аварга (1961 он), спортын мастер Б.Амарсанаа
Хүрэл: Чингэлтэй дүүрэг, дасгалжуулагч ОУХМ Т.Энхтөр

Байгууллагын дүнгээр 575 оноогоор “Хүч” спорт хороо тэргүүлсэн бол Чингэлтэй дүүрэг (480), Баянгол дүүргийн (425) тамирчид удаалав. 

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газраас энэ жилийн Монголын бүх ард түмний XIII их наадмын шагналын санг тусгайлан баталсны дагуу ганцаарчилсан төрлүүдэд алтан медалийг 1,5 сая, мөнгөн медалийг нэг сая, харин хүрэл медалийг 500 мянган төгрөг тус тус дагалдаж буй юм.


Тэмцээний хаалтын ёслолын үеэр МБАТ-ий XIII их наадмын залуу аварга Б.Эрдэнэсувдтай цөөн хором ярилцлаа.

-МБАТ-ий XIII их наадмын аварга болсонд баяр хүргэе.

-Баярлалаа. Ширээний теннисний спортоор 10-аад жил хичээллэж байна. Сүүлийн үед Баянхонгор аймагтаа бэлтгэл, сургуулилтаа хийж байсан. Монгол Улсын аварга болсондоо баяртай байна.

-Финалын тоглолтууд нэлээд өрсөлдөөнтэй боллоо. Та тоглолтуудынхаа тухай сонирхуулаач?

-Ганцаарчилсан төрлийн хагас шигшээд Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, ОУХМ Б.Батхишигийг 3:2-оор, шигшээд залуу тамирчин, спортын дэд мастер А.Анх-Эрдэнийг 3:1-ээр буулган авч, аварга боллоо. Хамгийн хүнд тоглолт Б.Батхишигтэй хийсэн тоглолт байлаа. Мөн эмэгтэй хосын төрөлд хүрэл медалийн төлөө тоглоод дөрөвдүгээр байр эзэлсэн. Багийн эмэгтэй төрөлд наймны нэг шигшээд шалгарсан.

-Баянхонгор аймгийн багийн тухайд Монголын ширээний теннисний холбооны лигийн тэмцээнд бас оролцсон байх аа. Энэ удаад ямар бүрэлдэхүүнтэйгээр МБАТ-ий их наадамд оролцов?

– Манай багийн тамирчид өнгөрсөн нэгдүгээр сард өндөрлөсөн лигийн тоглолтод хөдөө орон нутгаас анх удаа тоглосон нь их онцлог болсон. Учир нь лигийн тоглолтод чансаа өндөртэй тамирчдаар бүрдүүлсэн баг тоглох ёстой. Тиймээс манай багт өсвөрийн шилдэг наймд багтдаг спортын дэд мастер Б.Сийлэгмаа, спортын дэд мастер Б.Дэмбэрэлзодов болон миний бие насанд хүрэгчдийн шилдэг наймд багтсан учир тоглолтод оролцох эрх авсан. Харин энэ удаад дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй их наадамд оролцлоо. Эмэгтэй баг маань Баруун бүсийн тэмцээнээс тэргүүн байраар шалгарсан. Багийн төрөлд наймны нэг шигшээд шалгарч, хосын төрөлд шилдэг дөрөвт багтсан амжилт гаргалаа.

-Та хувийнхаа амжилтаас сонирхуулаач?

-2005-2009 онд Монгол Улсын шигшээ багийн тамирчин байсан. 2005, 2006, 2008 оны эмэгтэйчүүдийн багийн ДАШТ-д оролцож байсан. 2010 онд спортоосоо түр хөндийрөөд 2011 оноос Баянхонгор аймгийн БТСГ-д дасгалжуулагчаар ажиллаж байна.

-Дараагийн тэмцээний тухайд?

-Энэ сарын сүүлээр Герман улсад болох багийн ДАШТ-д оролцоно. Монголын эмэгтэйчүүдийн баг өнгөрсөн жилийн ДАШТ-ээс Д зоноос С руу шилжин тоглож байгаа. Тиймээс бид амжилтаа улам ахиулах бодолтой байгаа. Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Б.Батхишиг, спортын мастер Б.Энхжин болон спортын дэд мастер А.Анх-Эрдэнэ нарын тамирчид багтсан.

МБАТ-ий XIII их наадмын ширээний теннисний тэмцээнд эмэгтэй хосын төрөлд түрүүлсэн эгч, дүү хоёрын тухайд 15, 20 настай гэнэ. Баянгол дүүргийг төлөөлөн оролцсон эгч, дүүс Монголын ширээний теннисний түүхэнд нэгэн шинэ түүхийн эзэд болсон юм. 10 гаруй жил ширээний теннисээр хичээллэсэн М.Баярмаа дүү М.Дэлгэрмаатай хослон тоглож, түрүүлсэн нь олны хайр хүндэтгэл хүлээсэн. Тэд “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер М.Мэргэний хүүхдүүд гэнэ.

М.Дэлгэрмаа өсвөрийн улсын аваргаас хошой мөнгөн медаль хүртэж, энэ жилийн лигийн тэмцээнд багаараа дөрөвдүгээр байрт шалгарсан амжилттай, өсвөрийн тамирчдын дунд рейтингээрээ тэргүүлж байна. Харин эгч М.Баярмаагийн тухайд улсын аваргын мөнгө, хүрэл медальтай, өнгөрсөн жил Монгол Улсыг төлөөлөн багийн дэлхийн аваргад авьяасаа сорьжээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж