Сирийн цэргүүд энгийн иргэд рүү пуужин харважээ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Сирийн цэргүүд энгийн иргэд рүү пуужин харважээ

Сирийн цэргүүд өчигдөр буюу ням гаригт Растан хотыг 15 удаа пуужингаар харваснаас хэдэн арван хүн амиа алдсан байна. Тэдний дунд хүүхдүүд ч байсан талаар гэрчүүд мэдээлжээ. Пуужингийн халдлагад өртсөн хотод нөхцөл байдал ямар байгааг харуулсан видео бичлэгт гэмтэж бэртсэн гурван жаахан охин гарсан аж. Тэдний нэг нь бүр дөнгөж нэг ойтой байжээ. Босогчдын байрлаж буй Растан болон Сирийн томоохон хот болох Хомс, Хамад цэргийнхэн пуужингийн довтолгоо хийсээр байгаа гэнэ. Растан хот дахь пуужингийн довтолгооны хариуд Сирийн чөлөөлөх арми гэж өөрсдийгөө нэрлээд буй босогчид ням гаригт Дамаск хотын ойролцоох Нисэх хүчний тагнуулын төв байранд зэвсэгт халдлага үйлджээ. Өнгөрсөн ням гаригт л гэхэд мөргөлдөөний үеэр нийт 62 хүн амиа алдсан талаар босогчид мэдээлжээ. Иргэний дайны голомт болоод буй Хомс хот сүүлийн хэдэн долоо хоногт бараг бүрэн сүйдсэн гэнэ. Хомс хотыг бөмбөгдөж сүйтгэсэн цэргүүд зэргэлдээх Баба Амр хотод зургаан хүнийг олны нүдэн дээр цаазаар авчээ. Ерөнхийлөгч Башар Аль-Ассадын турхирсан цэргүүдийг хот руу нь нэвтэрсний дараа дүрвэж, амь гарсан иргэдийн ярьж буйгаар хотод аллага, хүчирхийлэл улам гаарч, эрх баригчдыг эсэргүүцсэн иргэдийг толгой дараалан устгаж байгаа аж. Мөрдүүлж, мөшгүүлэхээс сэргийлж овгоо өөрчилсөн Сирийн нэгэн сурвалжлагчийг цэргүүд баривчилж, зэрлэгээр хүчирхийлж, тамлажээ. Улаан загалмайн олон улсын байгууллагын төлөөлөгчид Баба Амр хотод нэвтэрсэн гэдэг мэдээлэл ор үндэсгүй яриа гэнэ. Гэвч хүмүүнлэгийн тус байгууллага энгийн иргэдийг дайны хөлөөс холдуулж, тусламж үзүүлэхээр эрх баригчидтэй тохиролцож байгаа юм байна. Өнгөрсөн ням гаригт Улаан загалмай, Улаан хавирган сар байгууллагын ажилтнууд Хомс хотоос хэдэн км-ийн зайд орших Абел суурингийн иргэдэд хүнсний тусламж үзүүлсэн гэнэ. Хүмүүнлэгийн ажилтнууд цаашлаад зэргэлдээх суурингийн иргэдэд тусламж үзүүлж, иргэний дайны голомт болоод буй Хомс хот руу нэвтрэх зөвшөөрөл хүлээж байгаа юм байна. Сирийн эрх баригчид нөхцөл байдал ийм болсонд зэвсэгт босогчдыг буруутгаж, тэдний байрлаж буй гэх хот суурингуудыг хайр найргүй бөмбөгдөж байгаа билээ. Гэвч эсэргүүцлийн хөдөлгөөнөөр эхэлж, иргэний дайн болж хувирсан сөргөлдөөнд энгийн иргэд, хүүхэд эмэгтэйчүүд хамгийн их хэлмэгдэж байгаа юм. Сирид өрнөж буй хүчирхийллийг зогсоох арга хэмжээ авахаар олон улс хэлэлцэж буй боловч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэрт хүрээгүй байна. Өнгөрсөн ням гаригт Израйлийн Ерөнхийлөгч Шимон Перес Сирийн ард иргэдэд хандан мэдэгдэл гаргажээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Ойрхи Дорнодын түүхэнд цус асгаруулсан, хамгийн аймшигтай хувьсгалын шуурга дэгдсэн. Сирид аймшигтай махчин ард түмнээ, тэдний үр хүүхдийг хядаж байна. Гэвч би энэ аймшигтай яргаллыг тэвчиж буй Сирийн ард иргэдийн эр зоригийг биширч, энэ оронд энхтайван тогтож, энх цаг ирнэ гэдэгт найдаж байна” гэжээ. НҮБ-ын шинжээчдийн тооцоолсноор 7,500 гаруй хүн амиа алдсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж