Гун-Аажавын Манлайжав Цөмийн энергийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөөсөө эхлэн олны анхааралд өртөх болсон. Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан С.Энхбат түүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр ажлаас нь халсан. С.Энхбатын гаргасан тушаалд “Сахилгын шийтгэл ногдуулан, төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэн орох эрхгүй” хэмээн дурьджээ. Гэтэл тэр төрийн албанд ороод зогсохгүй Цөмийн энергийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч болов. Ингэснээр гадны улс орнуудын сонирхож буй цөмийн салбарыг чухам хэн нь удирдах нь ойлгомжгүй болсон юм. “Цөмийн хог хаягдлыг Монгол Улсад булшилна” гэх мэдээлэл хүмүүсийг цочроосон. Энэ яриа гарах үеэр Г.Манлайжав “Бид цөмийн хаягдлыг оруулахгүй” гэж байв. Тэрбээр ингэж хэлснээрээ С.Энхбаттай санал нэг байгаагаа харуулсан. Гэтэл дарга, цэрэг байсан хоёр өнөөдөр бие, биеийнхээ эсрэг дуугарч эхэллээ. Г.Манлайжав нэг хэсэг хамт ажиллаж байсан С.Энхбатыг “Найман аж ахуйн нэгжид цацраг идэвхт бодисын хайгуулын тусгай зөвшөөрөл 21-ийг өгсөн байна” хэмээж орхив. Ингэснээрээ тэрбээр С.Энхбатаас ажлаас гэнэт халагдсан хариугаа авав уу. Аль эсвэл Цөмийн энергийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч болохын тулд ийм үйлдэл гаргахаас өөр сонголтгүй байв уу. Ямартай ч Г.Манлайжав сонголтоо хийжээ. Харин түүний сонголт хэр зөв, үнэн байх бол.
Ц.Энхцэцэг
"Улс төрийн тойм" сонин