Энэ үеэр Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралдаанд гэрчээр байлцуулах хүсэлт гаргасан юм.
Үүний дагуу өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарт шүүх хуралд гэрчээр оролцох зарлан дуудах бичиг хүргүүлжээ.
Харин ерөнхийлөгч асан Н.Энхбаярт өнөөдрийн байдлаар зарлан дуудах бичиг ирээгүй байна. Хэдийгээр дээрх эрхмүүдэд шүүх хуралд оролцох зарлан хүргүүлсэн ч өөрийн биеэр оролцох боломжгүй тохиолдолд оролцохгүй байж болох аж.
Гэрч хүрэлцэн ирээгүй тохиолдолд шүүх бүрэлдэхүүн тухайн үед хэлэлцээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх юм байна.
Одоогоор ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шүүх хуралдаанд оролцуулах зарлан дуудах бичиг өгөөгүй ч шүүх хурал болох хүртэлх хугацаа нь бэлтгэл үед хамаардаг учир хурал болох өдөр ч зарлан дуудах бичгийг өгч болох гэнэ.
Тэрбээр шүүх хуралдааныг нээлттэй явуулсан тохиолдолд шүүх хуралд оролцох талаар мэдэгдсэн. Гэвч Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдсан хурлын протокол бусад зүйлс шүүх хурлын үеэр яригдах учир нээлттэй явуулах боломжгүй аж.