УБТЗ-ынхан өнгөрсөн онд 4.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь том үзүүлэлт болж байгаа аж. Удирдах ажилтны зөвлөлгөөний үеэр ажилтнууд өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2012 онд хэрэгжүүлэх ажил болон тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газрын дарга Т.Батболд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, УБТЗ-ын орлогч дарга Л.Халтар “Төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн хөтөлбөрүүд”, УБТЗ-ын ерөнхий инженер Г.Сэрээнэндорж “Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д хийгдэх техник технологийн шинэчлэлт” сэдвээр тус, тус илтгэл тавив. Удирдах ажилтнууд асуудал үүсэж байгаа болон шийдвэрлэх шаардлагатай ажлынхаа талаар ярьж байлаа. УБТЗ-ын дарга Т.Очирхүү “Улаанбаатарын терминалыг нэгдсэн бүтцэд оруулах талаар санал тавьж байгаа. Бид яам болон Тээвэр зуучийн холбооны оролцоотойгоор гурван асуудлыг шийдвэрлэлээ. Юун түрүүнд краны нэгдсэн засварын ажил, 24 цагийн үйл ажиллагаанд бүрэн шилжих, терминалуудын хоорондын ажлын уялдааг сайжруулах гэсэн үндсэн ажлыг ирэх тавдугаар сард хийж дуусгахаар байгаа. Мөн чингэлэгийн урсгал нэмэгдэхээр байна. Харин барилгын ачааны тээвэрлэлтийн гол хүндрэл бол хөдлөх бүрэлдэхүүн байдаг. Энэ талаар бид яам болон холбоодтой ярилцаж байгаа” хэмээв. Түүнчлэн “Шилжүүлэн ачих хэсэгт нэг программ гаргах хэрэгтэй байна. Одоогийн байгаа нөхцөл байдлыг яаж, ямар хугацаанд сайжруулах вэ гэдгийг бодох учиртай. Бид өнөөдөр Замын-Үүд дээр нэг сан эвдрэхээр сэлбэгийг нийлүүлэх маягаар ажиллаж байгаа. Харин эдгээр терминалууд орчин үеийн болох ёстой. Бид ерөнхий инженерээр ахлуулсан техникийн шинэчлэлийн хөтөлбөр гаргасан. Энэхүү хөтөлбөрт шилжүүлэн ачих хэсгийг яах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс уг хөтөлбөрөө улам тодорхой болгох хэрэгтэй” гэв. Харин Эрдэнэт өртөөний дарга Эрдэнэчимэг “Бидний ярилцсан асуудлаар шийдвэр гарч хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Аливаа байгууллага санхүүгийн тодорхой эрх мэдэлтэй, гэрээ хэлэлцээрээ өөрсдөө хийдэг байвал ажил шуурхай байдаг болов уу. Гэтэл гэрээний асуудлыг зөвхөн замын даргад байдаг. Үүнийг өөрчлөөд замын даргад эрх өгч, хариуцлага тооцдог болбол ямар вэ” гэсэн санал хэллээ. Зүүнхараагийн Мод боловсруулах үйлдвэрийн дарга Доржсүрэн “Ойн нөөцийг тогтоож, БОАЖЯ, Ойн газрын шийдвэрээр аймгийн ИТХ-д санал өгч, сумдын ИТХ-аар хэлэлцүүлж байж мод бэлтгэх эрхтэй болдог. Энэ нь маш хүндрэлтэй бөгөөд цаг хугацаа алддаг. Тиймээс үүнийг шийдвэрлэж, анхаарах хэрэгтэй болов уу” хэмээлээ.
УБТЗ-ын Удирдах ажилтнууд өнгөрсөн оны ажлынхаа үр дүнгийн талаар ярилцахаас гадна 2012 онд хийх ажлынхаа зорилтыг тодорхойлов. Үүнийг УБТЗ-ын дарга Т.Очирхүү хэлэхдээ “Бид энэ онд олсон амжилтаа баталгаажуулж 19.2 сая тонн ачаа, дөрвөн сая зорчигч тээвэрлэн, тээвэрлэлтээс 416.3 тэрбум төгрөгийн орлого олж 2.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах зорилт дэвшүүлж байна” гэсэн юм. Мөн “Мандал, Шивээ-Овоо, Түнхэл зөрлөгүүдэд тус бүрт нь 24 айлын орон сууц, Өргөн зөрлөгт 12 айлын орон сууц барих, хоорондын замын зөрлөг, замын хэсгүүдэд оршин суугчдыг интернэт үйлчилгээгээр хангах зэрэг ажлыг санхүүжүүлнэ. Үүгээр зогсохгүй Улаанбаатар, Сүхбаатар, Хөтөл, Эрдэнэт, Дархан зэрэг зөрлөгүүдэд нийт 670 айлын сууцыг ипотекийн зээлээр барьж байгуулан төмөр замчдад олгох болно” гэдгийг УБТЗ-ын дарга Т.Очирхүү дурьдлаа.
"Улс төрийн тойм" сонин