Олон улсын гандболын сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Олон улсын гандболын сургалт эхэллээ

Олон улсын гандболын холбоо /ОУГХ/, МҮОХ, Монголын гандболын холбоо /МГХ/ хамтран олон улсын гандболын багш, дасгалжуулагч нарын сургалт, семинарыг  өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, МГХ-ны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар оролцож, үг хэлэв. Сургалт, семинарт нийслэлийн есөн дүүрэг, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Төв зэрэг 10 гаруй аймгийн 40 орчим багш, дасгалжуулагч, шүүгч, тамирчин, ажилтан нар оролцож байна. Сургалтыг Европ тивийн гандболын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, арга зүйн комиссын дарга, ОУГХ-ны сургалт, дасгалжуулалтын комиссын гишүүн, олимпийн шүүгч, доктор Франтисек Таборски /Чех улсын иргэн/ удирдан явуулж байгаа юм. Сургалт энэ сарын 5-9-нд үргэлжлэх бөгөөд МҮОХ, Спортын төв ордонд, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль болон нийслэлийн I ба 52 дугаар дунд сургуулийн байранд болох ажээ. Сургалтын явцад олимпийн спортын үндсэн төрөл болсон гандболын спортын олон улсын холбоодын мэдээлэл, үйл ажиллагаа, шинэ дүрмийн өөрчлөлт, мини болон элсний гандболын дүрэм, сургалт, дасгалжуулалтын арга зүй, тоглолтын тактик, техникийн бэлтгэл, шүүлтийн асуудал, тусгай дасгалууд, хаалгачийг бэлтгэх, хүүхэд, тамирчдын секц дугуйланг удирдах, бэлтгэл болон тэмцээний үеэр онол, дадлага хичээлийг оюутан, сурагчдын дунд явуулах юм байна. Амжилттай суралцаж, шалгалтад тэнцсэн хүмүүст ОУГХ, МҮОХ, МГХ-ны олон улсын сертификат олгоно хэмээн Монголын гандболын холбооноос мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж