”Люкс” таксинд өнгөрүүлсэн нэг өдөр

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

”Люкс” таксинд өнгөрүүлсэн нэг өдөр

Таксины жолооч гэж айхтар гярхай хүмүүс юм. Сая хүнтэй хотод тавигддаг гол шаардлага бол нийтийн тээвэр нь төгс шийдэгдсэн байх явдал. Сүүлийн үед “Дуудлагын такси” гэдэг тусгай үйлчилгээ гарч ирсэн. Магадгүй такси ховордож, хүн болгон өөрийн гэсэн хөл залгах унаатай болж байгаатай холбоотой байх. Мөн нийтийн тээвэр ч учир дутагдалтай болохоор тэр байх.   Ямартай нэгэн дуудлагын таксины компанитай холбогдож дуудлагын жолоочтой нэг өдрийг хамт өнгөрөөхөөр  боллоо.

Таксины жолооч гэхээр хар бараанаар төсөөлдөг байсан хүмүүст өөр бодол төрүүлнэ гэхээр сонирхолтой санагдаж байв. Энэхүү сурвалжлагаараа ямар хүмүүс дуудлагын таксигаар үйлчлүүлдэг, хэдэн цагийн дотор хэр их мөнгө олдог, өдөрт хэдэн төгрөгийн шатахуун зарцуулдаг, үйлчлүүлж байгаа хүмүүсийн зан харьцаа гээд бүхий л зүйл сониуч занг минь хөтөллөө.

Ингээд 12 цагт тохиролцсон жолоочтойгоо уулзахаар гэрээс гарав. Тохирсон газраа ирээд удаагүй байтал дуудлагын жолооч ах ирлээ. Түүний таксины урд суугаад “Сайн байна уу та. Өглөө хэд гэж боссон бэ. Одоо дуудлага хүлээх үү” гэхэд тэрбээр “Ах нь өглөө 06 цагт сэрсэн. Эхний дуудлага нисэх рүү байсан учраас тэр юм. Ажлаас хэзээ дуудна шууд л машинаа асаагаад гэрээс ухас хийнэ шүү дээ” хэмээн инээмсэглэв. Түүний дулаан инээмсэглэл, цэвэр, тухтай машин, найрсаг харьцаа олон зүйлийн талаар ярилцах эхлэлийг тавив. Гэнэт дотуур холбоо дуугарч  “Баянмонгол хорооллын гуравдугаар байрны нэгдүгээр орцонд дуудлага ирлээ. 085 /таксины хувийн дугаар бололтой/ойрхон байгаа бол дуудлага хүлээж авах уу” гэлээ. Миний хувьд анхны дуудлагаа хүлээн авч жолооч ахтай дуудлага өгсөн хаяг руу  хөдөллөө. Зорьсон газраа очоод зогсож байтал нас тогтсон эмэгтэй орцноос гарч ирлээ. Шууд л хаалга нээн багалсан гурван цүнхээ машин руу шидэлж эхлэв. Амандаа бувтнаж байгаад ганц хоёр хараал хэлэх нь чихэнд тод сонсогдсон. Үйлчлүүлэгчээ авсан  жолооч ах хаашаа явахыг нь түүнээс асуулаа. Эмэгтэй ч очих хаягаа хэлээд зорьсон газраа ирлээ. Түрийвчээ гаргаж “Өө, бэлэн мөнгө байхгүй байна. Ороод аваад ирье. Хүлээж байгаарай” гээд цүнхээ үлдээгээд бид хоёрыг ойролцоогоор 10 минут хүлээлгэв. Ах ч “Иймэрхүү эмэгтэйчүүд түвэгтэй шүү. Ах нь олон хүнтэй харьцаж үзсэн. Дуудлагын такси гэхээр хүнийг хүлээлгэж, хувийн жолоочтойгоо харьцаж байгаа юм шиг аашилдаг хүн олон. Гэхдээ зүгээрээ ахын дүү. Удахгүй дасчихдаг юм” хэмээн яриад машинаас гаран тамхи асаалаа. Төд удалгүй өнөөх эмэгтэй гарч ирж төлбөрөө төлөөд цүнхнүүдээ аван байр руу орлоо.

Бид хоёрыг хөдөлж амжаагүй байхад хоёр дахь дуудлага ирлээ. Энэ удаа хажуугийн хотхоны хаягыг дуудлага хүлээн авагч диспетчер эмэгтэй зааж өглөө. Бид ч дуудлага өгсөн газар ирэв. Өндөр нуруутай, цэвэрхэн хувцасласан залуу машинд суун “Баянгол ресторан” гээд утсаа оролдов. Рестораны үүдэнд ирэхэд жолооч ах “4000 төгрөг гарлаа” гэхэд 10 мянган төгрөг өгөөд “Баярлалаа. Хариулт хэрэггүй” гээд буув. Жолооч ах ч над руу хандан “За харав уу. Янз бүрийн хүн л ахаар нь үйлчлүүлдэг юм даа” гэлээ. Ингээд бид гурав, дөрөв гээд нэлээд хүнийг зорьсон газарт нь хүргэж өгсөөр нэг мэдэхэд цаг хугацаа “харвасан сум”  шиг өнгөрсөн байв. Жолооч аххүү ч хэдэн цагийн дотор /миний тооцоолж буйгаар зөвхөн дуудлагаар/ ойролцоогоор 87 мянган төгрөг хийчихээд “Халтуур хийдэг бидэнд үл биелэгдэх мөртлөө гэнэн гэмээр нэгэн мөрөөдөл байдаг. Нэг хүн суугаад л нисэх яваад л . . . тэндээс бас нэг хүн суугаад “Амгалан” гээд л . . . тэндээс бас нэг нөхөр суугаад “Дамбадаржаа руу явъя” гээд л. . . Даанч тийм юм гэж хаа байх вэ дээ. Гэхдээ л сайхан мөрөөдөл шүү” хэмээн тамхиа баагуулан хөхөрлөө. Тэгсэнээ “Үнэндээ ах нь ганц л зүйлд сэтгэл дундуур явдаг юм. Нийслэл хотын зарим автозамыг гадаад, дотоодын кинонд гардаг шиг нэг сайхан өргөн, эвдэрдэггүй, бат бөх бас түгжирдэггүй замтай болгох юмсан. Тэгвэл жолооч бидний орлогын эх үүсвэр болох машин тэрэг маань эвдрээд байхгүй шүү дээ. Үйлчлүүлсэн хүмүүс нь хүртэл сэтгэл хангалуун байхгүй юу. Ер нь биднийг иргэдэд үйлчилж байна гэдгийг ойлгодог хүн тун ховор юм шиг ээ” гээд санаа алдав.

Бид дуудлага хүлээх зуур олон зүйлийн талаар ярилцаж амжсан байлаа. Тэрбээр дуудлагын жолооч хийхээсээ өмнө 20 гаруй жил нэгэн автобаазад орон нутгийн жолооч хийжээ. Түүнийг нийгмийн үнийн хөөрөгдөл, шатахууны үнэ, өмнө нь ажиллаж байсан улсын бааз нь орлого бага болсноос хойш ийнхүү ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн аж. Өдөртөө 100-150 мянган төг­рөгийн орлоготой, түүнийхээ 40 мянган төгрөгийг өдрийн орлого болгон тушаадаг байна. Гэхдээ өдөр болгоны нар адилгүй гэдгийг жолооч ах хэлж байлаа. Түүний такси “Люкс” буюу дээд зэрэглэлийнх. Цэвэр орчин, тансаг үнэр, намуухан хөгжим, тухтай сандал, найрсаг үйлчилгээ зэрэг нь тэрхүү зэрэглэлийг тодотгох аж.  “Люкс” таксигаар үйлчлүүлсэн хэн ч сэтгэл хангалуун байдаг гэнэ.

Ер нь нийтийн тээвэр нь дампуурсан улсад л хувийн авто машины үйлчилгээ тэр дундаа дуудлагын такси цэцэглэдэг гэдэг. Одоогоос хэдэн жилийн өмнө Монголд нийтийн тээврийн гурав дахь үйлчилгээ нь такси гэдгийг зарим хүн хүлээн зөвшөөрсөн байдаг. Сая хүнтэй хотод хувийн машин бөөцийлөх үү, эсвэл такси унаж явах уу гэдгээ шийдэх шаардлага иргэдийн өмнө тулгарсан нь үнэн.

Монголын такси үйлчилгээ 1999 -2001 оны үед эрчимтэй хөгжиж байсан. Харин сүүлийн хоёр жилд дуудлагын таксины үйлчилгээ жинхэнэ утгаараа хөгжиж байна. Такси ажиллуулах хүсэлтэй бизнес­мэнүүд гаднаас 700 машин оруулж ирээд 200-г нь чадан ядан ажиллуулж, үлдсэнийг нь хий дэмий байлгадаг байсан тохиолдол ч бий. Харин зарим овсгоотой нэгэн нь 150-200 такситай хэрнээ 40-50-ийг нь бичиг баримттай болгоод, бусдыг нь бичиг баримтгүй “хав дарчихсан” байх жишээтэй. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй, дөрвөн хүүхдийн эцэг, амьдралын голыг өгсөж уруудан яваа жирийн монгол иргэнтэй ийнхүү өнгөрөөсөн юм.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж