Намууд нэг нэгнээсээ буруутныг хайв

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Намууд нэг нэгнээсээ буруутныг хайв

Ардчилсан нам, Ардын намынхан өнгөр­сөн долоо хоногийг нэг нэгнээсээ буруутныг хайсан шиг өнгөрөөв. Ардчилсан намынхан хам­тарсан Засгийн газраас гарснаас хойш ийм зүйл өдөр болгон давтагдах болсон. Гэхдээ сүүлийн үед улам л хүчээ авч байгаа нь УИХ-ын 2012 оны хэзээ мөдгүй болох гэж байгаатай холбоотой.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт хуралдсан. Энэ үеэрээ иргэний цахим үнэмлэх, хурууны хээ авах төхөөрөмжийн талаар хэлэлцээд “Цахим үнэмлэх, хурууны хээ таних төхөөрөмжтэй холбоотой ажил удааширч байна. Тиймээс Засгийн газар ажилдаа шуурхайлан орох ёстой“ гэв. Цахим үнэмлэхийн асуудал хэлэлцэхийн хажуугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ардын намын нарийн бичгийн дарга Л.Амарсанааг томилсныг “Ёс зүйгүй үйлдэл” хэмээн дүгнэсэн. Ингээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид “Улстөржсөн томилгоогоо зогсоож, жинхэнэ мэргэшсэн төрийн албан хаагчийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилохыг хүсье. Агентлагийн даргыг Төрийн албаны зөвлөлөөс томилох ёстой”  гэсэн санал хүргүүлэхээ дуулгав. Тус намынхны хувьд “Сонгууль болохоос урьтаж энэ мэт асуудлыг шийдвэрлэх ёстой. Будилаан үүсгэдэг хамгийн гол шалтгаан нь иргэний бүртгэлтэй холбоотой байдаг” хэмээн болгоомжилж байгаа ажээ. 

Ардчилсан намын бүлгийнхэн ийн хэлэлцсэний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ажил удааширч байгаа нь Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарсантай холбоотой” гэсэн утгатай бичгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд хүргүүлсэн аж. Нэг ёсондоо “Цахим үнэмлэх олгох ажил удааширч байгаа нь энэ салбарыг хариуцаж байсан Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн буруу.  Тэр л ажлаа хаяад явсан” гэж. Түүний хэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцолсон. Тэрбээр ажил өөрөөс нь болж удаашраагүй гэдгийг ч нотлохыг оролдсон юм. Ингээд “Хамтарсан Засгийн газрын үед улсын бүртгэлийн асуудал Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан. Үнэмлэхийн эх боловсруулах ажил өнгөрсөн оны долоодугаар сард бэлэн болж, хэвлэлтийн ажил эхлэх ёстой байсан ч цахим үнэмлэх хэвлэх зардал тухайн жилийн төсөвт суугаагүй байснаас хойшилсон. Ингээд энэ оны төсөвт хөрөнгө мөнгийг нь суулгасан. Гэвч энэ ажил өнөөдөр дахиад нэг сараар хойшиллоо” гэв. Мөн тэрбээр “Бүртгэл, цахим үнэмлэх хэвлэх ажлын талаар “А” ч үгүй нөхрийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар тавьж, ажил уяж байгаа нь Ардын намын зүгээс сонгуулийг санаатайгаар будилаантуудах гэсэн арга” хэмээн намын гишүүдийнхээ байр суурийг дамжуулсан юм.  Ямартай ч тус намынхан цахим үнэмлэх хэвлэх тухай асуудлыг энэ долоо хоногт бүлгийн хуралдаанаараа сэтгүүлчдэд нээлттэй хэлэлцэж магадгүй байна.

Тэднийг ийн хэлэлцэх зуур Ардын намынхан 91 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Монгол Улсад улс төрийн ууган нам байгуулагдсан энэ өдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр ч зүгээр суусангүй. Намын баяраа ч, Сүхбаатарын талбайг ч Ардын намынхантай булаацалдав. Гэхдээ санасандаа хүрч чадсангүй. Ардын намынханд Сүхбаатарын талбайг ашиглах эрхээ алдсан МАХН-ынхан Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөчихөөд хүрээ хийдэд ном уншуулахаар явсан юм. Харин Ардын намынхан баярын хурлынхаа үеэр “Өнгөрсөн зууны түүх, бүтээн байгуулалтын ажил Ардын намтай салшгүй холбоотой” гэсэн нь мөн л Ардчилсан намынхны дургүйг хүргэв. Тэр дундаа “Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журмыг цагаан сарын босгон дээр баталж, хамтарсан Засгийн газрын үед хамтарч хийсэн ажлыг Ардын намынхан дангаараа хийсэн мэтээр ярьж байна” гэж ойлгочихоод бухимдаж байгаа ажээ. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн турш бие биенээ буруутгасан Ардын нам, Ардчилсан намынхан энэ долоо хоногт цахим үнэмлэх, иргэдэд зургаан хувийн хүүтэй зээл олгох асуудлаар цэц булаацалдах бололтой. УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь явуулах уу, тусад нь явуулах уу гэдэг нь шийдэх ёстой өөр нэгэн асуудал билээ.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж