Монголын эдийн засгийн чуулган салбар хуралдаануудаар үргэлжиллээ. Салбар хуралдаанууд нь “Эдийн засгийн хөгжил”, “Хүртээмжтэй өсөлт”, “Өрсөлдөх чадвар” зэрэг сэдвийн дор нэгэн зэрэг үргэлжиллээ. “Эдийн засгийн хөгжил-хүртээмжтэй өсөлт” сэдвийн дор болсон салбар хуралдаанд оролцогчид “Монгол Улс уул уурхайн салбарт түшиглэн эдийн засгийн өсөлт бий болгохоор зорьж байгаа нөхцөлд хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх нь чухал гэж үзэж байна. Тухайлбал, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортод гаргавал илүү ашиг өгнө гэж үзэж буй юм. Зөвхөн ноолуурын салбарыг авч үзэхэд эдийн засгийн хэмжүүрээр нь авч үзвэл 1 кг ноолуураас гарах ашиг 1 тонн нүүрстэй тэнцэх гэнэ. Нүүрсийг олборлохын тулд хайгуул судалгаа хийхээс эхлээд зардал өндөр гардаг бол ноолуурын хувьд түүнтэй харьцуулшгүй. Зөвхөн ямаанд хариуллага шаардана. Дээр нь мал аж ахуй бол нөхөгддөг салбар, харин уул уурхай бол хэзээ ч нөхөн сэргээгддэггүй. Энэ утгаараа монголчууд ноолуурыг гадаад зах зээлд брэнд болгож чадвал үр өгөөж нь уул уурхайтай харьцуулшгүй ажээ.
Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай өсч буй ч өгөөж нь ард иргэдэд тэгш хүртэхгүй байгаа. Тэгвэл эдийн засгийн өсөлтийг тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд олсон орлогоо ирээдүйг харсан хөрөнгө оруулалтад зарцуулах нь чухал гэсэн зөвлөгөөг өгч байна. Зөвхөн өнөөдрийг харж олсон орлогоо зарцуулах нь үр ашиг муутай тул уул уурхайгаас олж байгаа баялгийг тэр дундаа иргэддээ бэлэн мөнгө хэлбэрээр цацаад дуусах нь эдийн засагт сөрөг үр дагавар дагуулахаас цаашгүй тул сан байгуулах нь чухал аж.
Гуравдугаарт, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, судалгаанд тулгуурласан эдийн засгийн урт, дунд хугацааны хөтөлбөр чухал. Судалгааг МУИС-ийн багш нар хийдэг. Гэвч судалгааг хийхэд 1990 оноос хойшхи мэдээлэл шаарддаг. Үүнийг багш холбогдох төрийн байгууллагаас очиж авъя гэхнээ шаардлагатай мэдээллийг өгдөггүй. Хүнд суртал нь нөлөөлөхөөс гадна мөн шаардлагатай мэдээлэл нь байдаггүй гээд бэрхшээл нэлээд байгааг энэхүү салбар хуралдаанд оролцсон МУИС-ийн багш хөндлөө.
Г.Дарь