
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд айлчилж, иргэдтэй хийсэн уулзалтынхаа төгсгөлд жанжин Д.Сүхбаатарын төрөл садан Баруун-Урт сумын иргэн 107 настай Б.Лхамсүрэн, түүний охин Улсын аварга тогооч, 76 настай Б.Дуламсүрэн нарт нийслэл хотын Баянгол дүүрэгт орших орон сууцны түлхүүр гардуулж өгчээ. Эдүгээгээс гурван зуугаад жилийн тэртээ Цэцэн хан аймгийн Ёст бээсийн хошууны нутагт Хайсу овгийн Алтангэрэлийн хүү Бор хэмээх Төгсийнд нэгэн хөвгүүн мэндэлснийг Элбэг гэж нэрлэжээ. Элбэгийнх Төгөө, Сүрэн, Ням, Буд гэсэн дөрвөн хүүхэдтэй. Төгөөгийн хүүхэд нь охин Тамзав, хүү Дамдин. Нутгийн олондоо “Цагаан дээлт” хэмээн нэрлэгдсэн Дамдин нь нутгийн бүсгүй Хандтай гэрлэж нутгаасаа оргож Богдын хүрээнд очиж амьдарсан түүхтэй ажээ. Дамдингийнх Дэндэв, Ранжин, Сүхбаатар, Долгор гэсэн дөрвөн хүүхэдтэй байжээ.Харин Элбэгийн отгон хүү Буд нь Өлзий, Дарь, Бум, Даваа гээд мөн дөрвөн хүүхэдтэй байсан бөгөөд Өлзийн охин нь эдүгээ 107 насыг насласан Б.Лхамсүрэн гуай бөгөөд эдүгээ Баруун-Урт суманд энх тунх амьдарч байгаа юм байна.