Месситэй дотно танилцах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Месситэй дотно танилцах боломжтой боллоо

Диего Шварштейн эмч анхны уулзалтаа яв цав санаж байдаг, учир нь энэ бол нэгдүгээр сарын 31, түүний төрсөн өдөр. Яг энэ өдөр тэр Леотой танилцсан юм. Хүү есөн нас гаруйтай, гурав дахь хүүгийнхээ удаан өсөлтөд санаа зовнисон эцэг эх нь түүнийг Росариогийн төв дэх Кордоба гудамжны 1764 тоотод орших Булчирхай, дотуур эрхтэний клиник эмнэлэгт авчирсан нь энэ бөлгөө.

“Өсөлт бага, жижиг хүүхдүүдэд би өдөр бүр л зөвлөгөө өгдөг байлаа” хэмээн эмч дурсав. Лео 1.27 м өндөртэй, од бус, алдартай хөлбөмбөгчин ч биш, бүр мэргэжлийн тамирчин ч бус “Ньюэллз”-ийн хүүхдийн багийн л тоглогч байлаа. “Би үргэлж “Ньюэллз”-ийн фэн байсаар ирсэн (үүнийг батлахын тулд тэрбээр “Бока”-гийн эсрэг улаан-харуудын гоол оруулсан тоглолтыг үзэж суугаа хүүгийнхээ зургийг ширээн дээрээс авч харуулав). Үүний ачаар би өвчтөнтэйгээ сайн ойлголцож эхэлсэн. Бяцхан хүүгийн ичимхий занг мартагнуулах цор ганц сэдэв болох хөлбөмбөгийн талаар л бид ярьдаг байсан”.

Олон удаагийн уулзалт, жил гаруй үргэлжилсэн тандалт, цогт тестүүд, биохимийн шинжилгээ. “Зөвхөн тест хийсний үндсэн дээр л тухайн хүүхэд дааврын асуудалтай байна уу эсвэл үеийнхнээсээ өсөлт бага ч, хожуу гэнэт өсч том болдог тийм хүүхэд үү гэдгийг олж тогтоох боломжтой. Урт удаан үргэлжилсэн ажиглалт, олон шинжилгээний эцэст хүү өсөлтийн дааврын дутагдалтай болохыг олж тогтоосон”.

Шварштейн үүнийг ийн дэлгэрэнгүй тайлбарлав. “Булчирхай¬нууд нь өсөлтийн ямар ч даавар ялгаруулахгүй байлаа. Бүр ойлгомжтойгоор тайлбарлахад нойр булчирхай нь инсулин  огт ялгаруулдаггүй чихрийн шижин өвчтөнтэй адил л гэсэн үг. Энэ хоёр өвчин ийм адил талтай ч нэг ялгаа нь гэвэл дэлхийн хүн амын долоон хувь нь чихрийн шижин өвчтэй, харин Мессигийнх шиг эмгэг маш ховор, статистикаас үзвэл 20 саяд нэг л тохиолддог юм. Энэ бол удам дамждаг эмгэг биш гэдгийг сануулах нь зүйтэй байх. Леогийн ах нарыг бас эмэгтэй дүү Мариа Солыг нь хар л даа, бүгд өндөр улсууд”. “Лео энэ талаар сонсоод ямархуу байсан бэ?” “Миний санаж буйгаар тэр тун тайван байсан. Тэр бүх, бүр хамгийн хэцүү шинжилгээг ч торолгүй хийлгэж байсан юм. Гэр бүлийнхэн нь ч түүнд энэ тал дээр их тусалсан, ёстой сайн аав, ээж” гэж эмч өгүүлэв.

… Энэ бол саяхан хэвлэгдэн гарсан Аргентиний шигшээ болон Испанийн “Барселона” багийн лидер Лионел Мессигийн тухай “Месси” номын 7-р бүлгийн нэгээхэн хэсэг. Сэтгүүлч Л.Кайолигийн бичсэн тус ном саяхан сэтгүүлч Н.Энхбаярын орчуулгаар Монголын спорт сонирхогчдын гар дээр ирлээ. Энэхүү гайхалтай тоглогчийн бага нас, дунд сургуульд суралцаж байсан үе, балчир ахуйдаа “Барселона“ багт ирсэн үе, түүнээс хойш од болон гялалзсан түүхийг энэ номд зохиолч Л.Кайола тун дэлгэрэнгүй, баримт материал арвинтайгаар хүүрнэн өгүүлсэн бөгөөд Мессигийн амьдралын чухал үе бүрт хамтдаа байсан гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтдаа тоглож байсан багийн андууд, дасгалжуулагч, хөлбөмбөгийн зүтгэлтнүүдийн ярилцлагыг оруулжээ.

Та "Месси" номыг Интерном, УИД-ын Majestic номы дэлгүүр, Метромолл, Гранд Плазагийн Мир номын дэлгүүрээс худалдан авах боломжтой юм.

Т.Марал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж