С.Жавхлан ээжүүдэд сая төгрөг тараана

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

С.Жавхлан ээжүүдэд сая төгрөг тараана

С.Жавхлан “Галаа манасан Монгол бүсгүй” тоглолтоо энэ сарын 7, 8 нд UB Palace-д тоглох болсоноо хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдлээ. Тэрээр  “Түмний дуртай дуунууд” хэмээх тоглолтоос хойш дөрвөн жилийн хугацаанд тоглолт хийгээгүй байсан. Энэ удаагийн тоглолт нь бусад дуучдын Мартын 8-нд зориулан тоглох тоглолтоос ихээхэн өвөрмөц ажээ. Учир нь тоглолтын орлогоос 21 аймаг, зургаан дүүргийн хамгийн өндөр настай, өрх толгойлсон ээжүүдэд нэг сая төгрөг тараахаар болжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Нэг сая төгрөгийн хандив өгөх ээжүүдийг хэрхэн сонгох вэ?

-Би урьд нь айлуудад гэр тарааж байсан. Тэгэхдээ өөрийн биеэр яваад л гэр өгөх айлаа сонгочихсон. Энэ удаад ч бас өөрөө сонгох бодолтой байгаа. Учир нь одоо цагт хүнд итгэхэд хэцүү болсоноос тэр. Аль болох эзнийг нь олж өгөхийг хичээнэ.

-Хэдэн ээжид тараах вэ? Хэзээ гардуулах вэ?

-Энэ сарын 9-нд Хэвлэлийн бага хурал зарлана. Тэр үеэр олон нийтэд нээлттэйгээр ээжүүдэд нэг сая төгрөгийг гардуулна. Багадаа л 27 ээжид хандив өргөнө.

-Яагаад заавал сая төгрөг өгөхөөр болсон бэ? Таван зуун мянгыг тараавал илүү олон ээж баярлах бишүү?

-Би төрийн өгч чадахгүй байгаа сая төгрөгийг өөрийн олсон орлогоос өгч болдог юм байна гэдгийг залуучууддаа уриалах гэсэн юм. Залуучууд ч гэсэн надаас үлгэр жишээ авч өндөр настангуудад тус болоосой гэж бодож байна.

-Та ирэх сонгуульд оролцох уу? Таны зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаа сонгуулийн сурталчилгаа тань эхэлж байгаа гэж санагдлаа.

-Тэр тухай өнөөдөр хэлмээргүй байна. Сонгуульд оролцох эсэхээ ирэх 9-нд болох хэвлэлийн бага хурал дээр тун дэлгэрэнгүй ярина.

“Галаа манасан Монгол бүсгүй” тоглолтод Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Л.Болдбаатар, СТА н.Амаржаргал, Ноён Бондгор зэрэг дуучид оролцох ажээ. Тасалбарын үнэ 25 мянган төгрөг бөгөөд тасалбарыг түүний шинэхэн цомог дагалдах ажээ.

                            Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж