С.Одонтуяа: “Монгол-999+” луйвар биш

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

С.Одонтуяа: “Монгол-999+” луйвар биш

“Монгол-999+” үндэсний компаниудын нэгдлийн анхдугаар хуралдаан маргааш болно. Одоогийн байдлаар уг нэгдэлд 1283 компани бүртгүүлээд байгаа ажээ. Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтад хамтдаа оролцох хүсэл эрмэлзэл бүхий энэ олон компанийг хэдхэн хоногийн дотор нэгтгэж амжсан энэхүү нэгдлийг хадгаламж зээлийн хоршоо, “Вако” констракшны нэгэн адил пирамид хэлбэрийн луйвар байх вий гэсэн болгоомжлол ч бас байна. Тиймээс бид  “Монгол-999+” үндэсний компаниудын нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн С.Одонтуяагаас зарим асуултад хариу авлаа.

-“Монгол-999+” үндэсний компаниудын нэгдэлд мянга гаруй компани бүртгүүлсэн юм байна. Эдгээрээс мянгыг нь л сонгох уу. Тооны хувьд ямар нэгэн хязгаар тавих уу?

-Одоогоор бүртгүүлсэн компанийн тоо мянга хэдийнээ гарчихаад байгаа. Олон хүн зэрэг бүртгээд ч хөл ихтэй л өнжиж байна. Маргааш манай нэгдлийн анхдугаар хуралдаан болно. Хуралдаанаар бүртгэлд багтсан компаниудаа албан ёсоор зарлах юм. Компанийн тоог хязгаарлахгүй. Хуралдаанаас хойш ч бүртгүүлж болно.

-Үндэсний компаниудын нэгдлийг хадгаламж зээлийн хороо болон орон сууцны компаниудын луйвартай адилтгах хүн мэр сэр гарч байна. Ийн болгоомжлох нь ч аргагүй санагдаад байгаа юм?

-Тэгж болгоомжлох огтхон ч хэрэггүй. Бид луйварчид биш. Хүмүүсийн өгсөн мөнгийг шууд дансанд хийлгэж байгаагийн дээр бидний эцсийн зорилго асар том үйлс гэдгийг мартах учиргүй. Эхнээсээ нэг нэгэндээ хар санаад байвал хэтийн зорилгоосоо хазайх болох байх л даа.

-Бүртгүүлэх компаниудад ямар нэгэн шалгуур, босго тавьж байгаа юу. Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал зэргийг харгалзах уу. Бүртгүүлэхдээ ямар материал бүрдүүлэх вэ?

-Компаниудыг том, жижгээр нь болоод бусад үзүүлэлтээр ялгаварлахгүй гэдгийг бид анхнаасаа мэдэгдсэн. Харин бүртгүүлэхдээ доорх материалыг бүрдүүлэх учиртай.

Монгол 999 Үндэсний Нэгдэл ХК-г үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчээр оролцох тухай компанийн эрх бүхий байгууллагын шийдвэр
Компанийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
Компанийн дүрэм  /Нотариатаар баталгаажуулсан/
Компанийн удирдлагын анкет
Компанийн удирдлагын цээж зураг /  3х4-ийн хэмжээтэй, хоёр хувь /
Компанийн түр дансанд дүрмийн сангийн 1,0 сая төгрөг төлсөн баримт
/компанийн нэрийг тодорхой бичих/

ХААН БАНК 500 355 85 24
 
Эдгээр материалыг бүрдүүлээд Браухаус төвийн 302 тоотод очоорой гэж хэлэх байна. Тодруулах зүйлсийг  326126, 96656741, 96054490 утаснаас лавлаж болох юм гэлээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж