”Нийгмийн хөгжлийн хурд нь өөрчлөлтийг тодорхойлох боллоо”

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

”Нийгмийн хөгжлийн хурд нь өөрчлөлтийг тодорхойлох боллоо”

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

    Улсын Их Хурал намрын ээлжит чуулганаа саяхан өндөрлөсөн билээ. Энэ үеэр бид ээлжит бус чуулган хуралдуулаар товлож, тодорхой асуудал хэлэлцүүлэхээр тохирсон. Энэ зурвасхан хугацаанд манай ард түмэн баясгалан хэмээх усан луу жилтэйгээ золгон учирч, улс орон даяар өрнөсөн их бүтээн байгуулалтад шинэ эрч хүч нэмлээ.

    Манай өнөөгийн мэдээлэлжсэн зах зээлийн нийгэмд цаг хугацааны үнэ цэнэ өдрөөс өдөрт өсч байна. Мөн үндэсний баялаг арвижин өсөх шинэ нөөц боломж нэмэгдэж нээгдсээр байгаа онцлогийг бид хамтад нь харж байна. Жишээ нь, УИХ 2012 оны улсын нэгдсэн төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 6.4 их наядад хүргэж нэмэгдүүлэхээр байна. Үүнээс нэг сард ногдох орлого 500 тэрбум төгрөг болж, долоо хоногт 120 тэрбум, нэг хоногт бараг 20 тэрбум төгрөгийн орлого орох боломжтой байна. Ийм өсөлтийн цаана улс орны бүтээн байгуулалтын ажил үйлсийг өрнүүлж байна. Харин төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2.9 хувиас хэтрэхгүй байх болно.

Нийгмийн хөгжлийн хурд нь манай амьдралын хэм хэмнэлийн өөрчлөлтийг тодорхойлох боллоо. Энэ бүхэн нь тулгамдсан асуудлуудыг УИХ, Засгийн газраас нэн даруй шийдвэрлэж байх шаардлага байгааг харуулж байна. Өнөөдөр цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх хугацааг нааш татах асуудал нийгэмд хүлээлт үүсгээд байна. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх нь хэдийгээр бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх “айдас хүйдэс” дагуулдаг ч төр, засгаас зөв зохион байгуулбал байж болох хэвийн ажил үйлсийн нэг юм. Эцсийн үр дүнгээр бол монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, худалдан авах чадварыг нэмэгдүүлэн, улмаар үйлдвэрлэлийг дэмжиж болох эдийн засгийн эерэг нөлөөллийг бид эндээс хүлээж байна.

 Монгол Улсын 2012 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төрийн байгууллагад ажиллагсдын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 1, мөн тавдугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нэмэгдүүлэх боломж бүрдэж, эрх зүйн хувьд баталгаажих юм.

Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь бас л цаг хугацааны нөлөөллөөр шийдвэрлэх асуудлын нэг мөн. Ийм нөхцөлд УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх; УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэхийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх болж байна. Үүний зэрэгцээ шүүхийн шинэчлэлийн багц асуудлыг авч хэлэлцэхээр бид тохирсон билээ.

Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар намын бүлгүүд саналаа нэгтгэвэл ээлжит бус чуулганы ажиллагаа товлосон хугацаандаа өндөрлөх бүрэн боломжтой юм.

Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн намрын чуулганаар бид хийсэн билээ. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар эцэслэн батлах юм. Бид бие даасан, хараат бус, чадварлаг, шударга шүүхийн төлөө байна. Мөн шүүгчийн ёс зүй, хариуцлага, ур чадварыг дээшлүүлэхийг өнөөгийн шатанд чухал гэж үзэж байна. Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу шүүгчдэд тавигдах шаардлагыг өндөржүүлэх, шүүгчийн бүрэн эрх, хараат бус байдлыг дээшлүүлэх, аливаа хэрэг маргааныг хүнд суртал чирэгдэлгүй, шударгаар шийдвэрлэхэд чиглэсэн эрх зүйн зөв орчинг бүрдүүлэхийг бид зорьж байна.

 Ийнхүү цаг хугацаа, үр дагаврын хувьд хойшлуулж боломгүй гэж үзсэн дээрх асуудлуудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөлөө.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж