Terminator: Sarah Connor Chronicles үргэлжлэх болов уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Terminator: Sarah Connor Chronicles үргэлжлэх болов уу?

“Terminator: The Sarah Connor Chronicles” (TSCC гэж фэнүүд нь товчилж дууддаг)  телевизийн цуврал киног “Bartleby Co”, “Warner Bros”, “C2” кино студиуд хамтран бүтээж 2008 оны нэгдүгээр сарын 13-наас АНУ-ын “FOX” телевизийн сувгуудаар цацаж эхэлсэн. Уг цуврал киног “Terminator 2”, “Terminator 3” кинонуудыг бүтээсэн “С2” студи хамтран бүтээсэн. Уг цуврал хоёр улирал бүтээгдсэн бөгөөд хоёрдугаар улиралын ангиуд нь 2008 оны есдүгээр сарын 8-нд эхлээд 2009 оны дөрөвдүгээр сарын 10-нд дууссан. Хэдийгээр “Terminator” киноны фэнүүд хүсэн хүлээж байсан хэдий ч гуравдугаар цувралыг цааш нь бүтээхгүй гэж “Fox” компанийн ерөнхийлөгч Kevin Reilly 2009 оны тавдугаар сарын 18-нд зарласан.

Уг цувралд Sarah Connor хүү John Connor-ын хамт өөрсдийг нь устгахаар ирээдүйгээс ирсэн терминаторуудаас нуугдан өөр нэрээр амьдарч байгаа тухай гардаг. Үйл явдал 2007 онд өрнөнө. Тэднийг хамгаалахаар нэг робот ирээдүйгээс ирдэг бөгөөд түүнийг Cameron гэж нэрлэдэг. Терминатор киног бүтээсэн James Cameron найруулагчийн дурсгалд зориулж Камерон гэдэг нэр өгсөн гэж цуврал кино бүтээгчид тайлбарласан. Камерон яг ямар загварын робот вэ гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ тэрээр Т-800 загварын роботоос хамаагүй илүү хүчин чадал сайтай бөгөөд өөр өвөрмөц олон талтай. Тухайлбал тэр хоол идэж чаддаг. Ингэснээр Камерон нь Терминатор цувралууд дундаас хоол идэх чадвартай хамгийн анхны робот болж байгаа юм. “ТSCC” киноны өмнөх цувралуудаас ялгаатай, үзэгчдийн хамгийн сэтгэлийг догдлуулсан өвөрмөц зүйл бол роботууд хүмүүсийн тулалдаанаас гадна Жон Коннор, Камерон робот хоёрын хоорондын “хайр сэтгэлийн асуудал”. Жон Камеронд сэтгэл татагдаж, Камерон өөрийгөө хүнтэй адилхан мэтээр төсөөлөхийг хичээн балетын сургуульд явах зэрэг хүлээж байгаагүй үйл явдлууд өрнөдөг. Гэхдээ хэзээ ч Жон Камеронд хайртай гэж хэлээгүй. Харин сүүлд нь амийг нь хорлох гэсэн Камероны микропроцессорыг салгах гэхэд Камерон Жонд “Намайг битгий унтраагаач. Надад итгэж болно. Би өөртөө тест хийсэн. Би одоо зүгээр. Би засагдчихсан. Би чамд хайртай. Чи намайг хайрлаач” гэж хэлж Терминаторын фенүүдийн сэтгэлийн утсыг хөнддөг.

Хоёрдугаар цувралын төгсгөлд үйл явдлын олон зангилаа тайлагддаг ч цааш өрнөх олон үйл явдлын учигууд гарч ирдэг. “TSCC” телевизийн олон ангит цуврал киног “аврах санаачлагыг” терминаторын фенүүд өрнүүлсээр байгаа бөгөөд сонирхогчид нь “You Tube”-д өөрсдийн хийсэн видео эвлүүлгүүдийг хийн оруулж, “Facebook”-д энэ киног дэмжигчид хуудас нээн ажиллуулж байна. “TSCC” үргэлжлэх эсэхийг цаг хугацаа харуулах болно.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж