“Путин ах”-тай түншлэх зургаан жил

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

“Путин ах”-тай түншлэх зургаан жил

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр өргөн уудам Орос орон даяар болж Ерөнхий сайд В.Путин Кремлийн ордонд дахин морилох нь тодорхой боллоо. Төрийн тэргүүний суудалд эргэн залрахдаа тэрбээр зургаан жилийн бүрэн эрхийн мандат өвөрлөн ирж байгаа юм. ОХУ-ын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн нэгэн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байсныг тэрбээр Ерөнхий сайд байх хугацаандаа ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев болон Төрийн Думын гишүүдийн тусламжтайгаар дахин хоёр жилээр сунгаж чадсан юм. Өнөө өглөөний урьдчилсан дүнгээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Нэгдсэн Орос намаас нэр дэвшигч В.Путин 64,72 хувийн санал авсан бол Коммунист намын дарга Г.Зюганов 17,10, Либерал-ардчилсан намын дарга В.Жириновский 6,37, бие даагч М.Прохоров 6,99, Шударга Орос намын лидер С.Миронов 3,74 хувийн санал авсан байна. Мэдээж энэ бол урьдчилсан, бүрэн бус дүн учир нэр дэвшигчдийн авсан саналын хувьд өөрчлөлт гарна. Гэхдээ л бусдаасаа тасархай түрүүлж, өөрийнхөө тооцоолж байснаас ч илүү санал халаасалсан В.Путин Кремлийн эзэн болж хос тэргүүнт бүргэдийн дүрт тамга атгах нь тодорхой болоод байна.

В.Путин Чеченьд бараг 100 хувийн санал авсан бол Ингушетид 92 орчим, Эрхүү мужид 50 хувийг өөрийн болгожээ. В.Путиныг Оросын эмэгтэйчүүд найдвартай түшиг тулгуураа хэмээн үздэг учраас хойд хөршийн сонгогчдын дийлэнхийг эзэлдэг тэд өнөөгийн Ерөнхий сайдад илүү их итгэл үзүүлсэн байж болно хэмээн үзэх тал бас бий аж. Хэдийгээр сонгуульд сонгогчдын оролцоо тааруу байх вий гэсэн болгоомжлол байсан ч ямар боловч 50 хувийн ирцийн босго давсан байна. 

Ингээд ОХУ-ын экс Ерөнхийлөгч В.Путин дөрвөн жилийн турш Д.Медведевт “ацагласан” Кремлийн өргөөндөө эргэн ирэх нь ойлгомжтой болов. Коммунист намын дарга Г.Зюганов сонгуулийн урьдчилсан дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээж буй ч бусад гурван өрсөлдөгч В.Путинд баяр хүргээд байна.

Хатуу захиргаадалт, ардчиллыг хумисан байдал ОХУ-д дахин зургаан жил үргэлжлэхийг тэвчихгүй гэсэн жагсаал цуглаан сонгуулийн дараагийн өдрүүдэд болох төлөвтэй байгаа ч нэгэнт сонгогчдын өгсөн саналын дүнд өөрчлөлт оруулахгүй нь мэдээж.

Хоёрхон хөрштэй Монгол Улсын хувьд хуучин анд Оросын сүүлийн шахам төлөөлөл В.Путин Кремльд эргэн ирснээр байдал урьдын хэвэндээ тогтовортой байх нь ойлгомжтой болоод байна. Тэрслүүд үзлээрээ зард гарсан В.Жириновский Ерөнхийлөгч болсон бол монголчуудыг бүдүүлгээр доромжилж хоёр орны харилцаанд сэв суулгаж мэдэхээр байв. Тэртээ 1990-ээд оны эхэнд  тэрбээр “Монголыг Хятадад буцааж өг” гэсэн муйхар мэдэгдэл хийж “Оросууд л Монголыг хамуу тэмбүүнээс нь салгасан” хэмээн аашилж, их өрийг тэглэхийг эсэргүүцсэн аяс илэрхийлж байсан юм. С.Мироновын хувьд “Монгол геологич” хочтой тэрбээр Дорнод аймагт социализмын жилүүдэд геологичоор ажиллаж Монголын наран ургах хязгаараас Ховд хүртэл явганаар алхан ашигт малтмалын судалгаа шинжилгээ хийж явсан, “Монгол бол миний хоёр дахь эх орон” гэж үргэлж хэлдэг хүн бөгөөд уул уурхайн чиглэлээр Монголыг сонирхсон бодлого явуулж мэдэхээр  байв. Гэхдээ тэрбээр хамгийн бага оноог иргэдээсээ цуглуулж баян ходоод боллоо.

Коммунист Г.Зюганов Ерөнхийлөгч болсон бол Монголын хуучинсаг хэсэг болоод МАН-ынхантай илүү дотно ажиллах байсан биз. Харин М.Прохоров шинэ Оросын төлөөлөл тул Монголыг төдий л хайхрахгүй байсан ч байж мэднэ.

Ямар боловч монголчууд 2000 оноос нөхөрлөсөн “Путин ах”-тайгаа дахин зургаан жил түншлэх нөхцөл байдал үүсээд байна.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж