Хятад Батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Хятад Батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэв

Хятад улс Батлан хамгаалахын зардлаа 11 хувь буюу 106.4 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх болсноо өчигдөр мэдэгджээ. Тус улсын Ардын Үндэсний конгрессын төлөөлөгчийн хэлж буйгаар Хятадын Батлан хамгаалах салбарын зардал өнгөрсөн оныхоос даруй 68 тэрбум юаниар нэмэгдэх гэнэ. Харин АНУ ирэх 2013 онд Батлан хамгаалахад 613.9 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсний 525.4 тэрбум нь үндсэн зардал аж. Гэвч АНУ ирэх арван жилийн хугацаанд Батлан хамгаалах зардлаа тэн хагасаар бууруулахаар төлөвлөж байгаа юм. Батлан хамгаалах зардлаа жилээс жилд нэмэгдүүлж буй Хятад улс өнгөрсөн жил 13 хувиар, түүний урд жил 7.5 хувиар нэмэгдүүлсэн юм. Батлан хамгаалахын төсөвт суулгасан дээрх хэмжээний хөрөнгө цэргийн албан хаагчдын цалин хөлс, бэлтгэл сургуулилт, техник хамгамжид зарцуулагддаг байна.  Хятад Батлан хамгаалахын хүчин чадлыг бэхжүүлж буйгаа Үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө гэж тайлбарлаж байгаа боловч Тайвань зэрэг хөрш зэргэлдээ орнуудын болгоомжлолыг төрүүлж байна. Өмнөд Хятадын тэнгисийг өөрийн эзэмшлийн бүс гэдэг Хятад тус бүс нутаг дахь бусад улс орнуудтай зөрчилдөх болсон юм. Өнгөрсөн жил Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр тус бүс нутгийг  дэлхийн эдийн засгийн аюулгүй байдлын чухал газар гэж онцолсон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад Хятадын санаархал таалагдахгүй байгаа аж. Барак Обама болон түүний засаг захиргааны топ албан тушаалтнууд эдийн засаг нь хурдацтай өсч буй Ази-Номхон далайн бүс дэх АНУ-ын ашиг сонирхлыг илэрхийлж, Батлан хамгаалахын стратегийг тийш чиглүүлэх болсон билээ. Ази-Номхон далайн бүс дэх АНУ-ын шинэ стратегийг Хятад тайвнаар хүлээж авсан ч Хятад дэлгүүр рүү дайран орсон бухтай адил аашилж буйг анхааруулсан юм.

Н.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж