Нийслэлийн удирдах ажилтнууд хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Нийслэлийн удирдах ажилтнууд хуралдлаа

Нийслэлийн удирдах ажилтны  усан луу жилийн анхны шуурхай хуралдаан
өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Орон сууц санхүүжилтийн корпорацийн
захирал Ж. Алдаржавхлан мэдээлэл хийв. Жилийн 6 хувийн хүүтэй 20 жилд
эргүүлэн төлөх нөхцөлтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг иргэдэд олгох
талаар  өнгөрсөн жилээс судалжээ. Сингапур улсад МУ-ын ерөнхий сайд С.
Батболд ажлын айлчлал хийх үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр,  ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.
Алдаржавхлан нар тус айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Сингапур улс иргэдээ
хэрхэн орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулсан талаар туршлага
судалсан байна. Иргэдээ богино хугацаанд орон сууцжуулсан туршлагаараа
тус улс алдартай. Улмаар Засгийн газрын тогтоолын дагуу Сангийн сайд,
ЗТБХБЯ-ны сайд, Нийслэлийн Засаг дарга нар “Иргэдийг жилийн 6 хувийн
хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл”-д хамруулах харилцааг зохицуулах
журмыг 2012 оны 2 дугаар сарын 20 ны өдөр баталсан юм.
Иргэдийн дунд орон сууцны хөнгөлөлттэй зээл хүлээлт үүсгээд  байсныг 
ойрын өдрүүдийн ачаалал харуулж байна гэж ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.
Алдаржавхлан хэлэв.  Өдөрт 500-600 иргэн хөнгөлөлттэй зээлийн талаар
мэдээлэл авахаар тус байгууллагад хандаж буй гэнэ. ОССК-аас 8 бүртгэгч
ажиллуулж,  мэдээлэл өгүүлэхийн зэрэгцээ оssк.mn сайтаар энэ тухай
мэдээг иргэдэд хүргэж байгаа ажээ.

Одоогийн байдлаар иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох
боломжтойгоо Төрийн банк, Капитал банк илэрхийлжээ. Цаашдаа арилжааны
банкнуудын тоо нэмэгдвэл энэ ажил иргэдэд хүндрэл чирэгдэл багатай хүрч,
иргэд нэг зэрэг хамрагдах боломжтой гэдгийг энд  онцлов.  Хөтөлбөр 2016
он хүртэл үргэлжлэнэ.

Хүнсний аюулгүй байдал анхаарал татаж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л. Бямбасүрэн удирдах
ажилтны шуурхай дээр хүнсний аюулгүй байдал, хүнсний чанартай холбоотой
мэдээлэл хийлээ. Уламжлалт баяр болон томоохон баяр наадмын үеэр хүнсний
чанар ямархуу байгааг тус газраас шалгадаг байна. Шалгалтанд хамрагдсан
хүнсний үйлдвэрүүдийн ихэнхи нь  дэргэдээ хүнсний лаборторигүй байжээ.
Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хянаж шалгаж чадахгүй
байна гэсэн үг. Түүнчлэн захын хорооллын дэлгүүрүүд зориулалтын бус
лангуун дээр хүнсний бүтээгдэхүүн худалдаж буй нь нийтлэг үзэгдэл
болжээ.  Шалгалтын үеэр анхаарал татаж буй нэг асуудалд Үдийн цай
хөтөлбөр орж байна.  Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын тоо
нэмэгдсэн ч ахуйн хэрэгцээ дутмаг байдгаас гэдэсний халдварт өвчин А
гепатит нэмэгдэж байна гэв.  Нийслэлд хөрсний бохирдол их байдаг тул ил
задгай хүнсний худалдаа аюул дагуулах эрсдэлтэй. Иймд дүүргийн
удирдлагууд урин дулааны улиралд ихэсдэг сүүдрэвчтэй худалдаа, ил задгай
худалдааг цэгцлэх шаардлагатайг тэрбээр анхаарууллаа.
 

http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж