Ираны парламентын бүх нийтийн сонгууль болов

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Ираны парламентын бүх нийтийн сонгууль болов

Ираны парламентийн (межлис) ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт дууссан тухай тус орны радиогийн мэдээнээс иш татан “REUTERS”  дамжуулжээ. Өнгөрөгч баасан гаригийн оройн 23 цаг хүртэл санал хураалтыг сунгасны дараа санал хураах ажиллагааг хаажээ. Сонгогчдын оролцоо өндөр, дараалал их байсныг Ираны Дотоод яам мэдээлэв.

Ираны хэвлэл мэдээллээр өмнө мэдээлж байсны дагуу парламентад 5,4 мянган нэр дэвшигч бүртгэгдсэн бөгөөд тэднээс зөвхөн 3,4 мянган нэр дэвшигчийг Үндсэн хуулийн манааны зөвлөл бүртгэсэн байна. Тэд парламентын 290 суудлын төлөө өрсөлджээ. Сонгуулийн дүнг тойргуудын хэмжээнээс хамааран 2-3 хоногийн дотор зарлана гэж Дотоод хэргийн яамны дэргэдэх Сонгуулийн штабын тэргүүн Совлат Мортазави (Sowlat Mortazavi) өнгөрөгч баасан гаригт мэдэгдсэн байна.

Улс төрийн уламжлалт урсгалуудын төлөөлөгчид сонгуулийн гол өрсөлдөгчид байлаа гэж “AFP” агентлаг мэдээлжээ. Межлисийн өнөөгийн спикер Али Ларижани ба Тегеран хотын захирагч Мохамад Бахер Калибаф (Mohammad Baqer Qalibaf) нарт ойр улстөрчид “Уламжлалт үзэлтнүүдийн нэгдсэн фронт” (УҮНФ) эвслийг байгуулан сонгуульд оролцсон юм.  УҮНФ нь ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын эдийн засгийн өнөөгийн байдлыг шүүмжлэн илүү оновчтой бодлого явуулахыг уриалж байгаа юм.

УҮНФ-ын эсрэг өөр нэг консерватив эвсэл  "Исламын хувьсгал үргэлжлэлийн фронт " (ИХҮФ) бөгөөд уг эвсэл нь Ираны шашин, төрийн лидер аятолла Хаменеин санаа бодлогыг илэрхийлэгчид гэж өөрсдийгөө үздэг. Тэд Ларижани,  Калибаф нарын бодлогыг зөөлөн хэмээн шүүмжилж байгаа. Тэд ерөнхийлөгч Ахмадинежадыг  хамгаалдаг ч Иран улс нь бүх үндэстнүүдийн түүний дотор Израильтай хүртэл “найз нөхөр” байх ёстой гэж мэдэгдсэн ерөнхийлөгчийн дотны хамтран зүтгэгч Эсфандиар Рахим Машаигийн эсрэг ихээхэн шүүмжлэлтэй ханддаг.

Өнгөрсөн баасан гаригт болж өнгөрсөн межлисийн сонгууль нь үймээн дэгдээсэн 2009 оны зургадугаар сарын 12-ны ерөнхийлөгчийн сонгуультай цар хүрээгээрээ тэнцэхээр арга хэмжээ боллоо. Уг сонгуулиар Ахмадинежад 60 гаруй хувийн санал,  түүний өрсөлдөгч Мирхосейн Мусави 30 гаруй хувийн санал тус тус авсан. Сөрөг хүчин эрх баригчдыг сонгуулийг будилаантууллаа гэж үзэн эсэргүүцлийн ажиллааг дэгдээж, үймээнээр 30 гаруй хүн алагдаж, мянга орчим хүн баривчлагдан хоригдсон юм.

Бүх нийтийн сонгууль нь Исламын бүгд найрамдах улсын эдийн засгийн байдал олон улсын хоригийн улмаас муудсан цаг үетэй давхцлаа. Сонгуулийн нэгдсэн дүн гараагүй ч эхний мэдээлүүд гарч байна. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинеджадын охин дүү Ираны парламентын сонгуульд ялагдсан тухай “Associated Press” мэдээлж байна. Тегеранаас 60-аад км-ийн зайтай Гармсар хотын санал хураалтаар Парвин Ахмадинеджад ялагдсан байна. Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр Ахмадинеджадын хамтран зүтгэгчид сонгуулийн олон тойргуудад ялагдал хүлээж байгаа бололтой.

Энэ сонгуулиар Ираны ерөнхийлөгч ба түүний эсрэг талынхны хоорондын тэмцэл ил гарч ирснээс хойш хүчний харьцаа ямар болоод байгааг харууллаа гэж олон шинжээч дүгнэв. Ираны парламентын сонгуулийг гадаадын хэвлэл мэдээллийнхэн өргөн мэдээлж байна. Сүүлийн гурван жилийн дотор CNN телевизийн сурвалжлагч Иранд анх удаагаа очжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж