Мартын 8-нд эрчүүд баярлахгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Мартын 8-нд эрчүүд баярлахгүй

Удахгүй "мартын 8" гэж сүртэйхэн тэмдэглэдэг, нэгэн сайхан байрын өдөр болно. Эмэгтэйчүүд маань энэ өдрийг "Бидний баяр" хэмээн хөөрцөглөн баярлах боловч, нарийндаа яг баярын эзэд нь эрчүүд болж хувирдаг.

Энэ баярын өдөр эрчүүд эхнэрээс түрүүлж баярлаад юун эмэгтэйчүүдээ баярлуулах манатай. Өөрсдөө архи уун согтуурхаж, айл хэссэн эрчууд даанч олон. Харин үүнийгээ эхнэрээ баярлуулж байна хэмээн андуурахыг нь яана.

Цэргийн баярын өдөр эмэгтэй хүн архи уучихаад, гудамжинд агсарч байвал манай эрчүүд "Үүнд цэргийн баяр ямар хамаа байна. Уух цагаа мөн олов оо" гээд яасан их шоолж байх бол. Гэтэл тэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр өөрсдийн нь эрхийн өдөр юм шиг яаж уудаг билээ. Ёстой "ногоорч" өгнө дөө.

Ийм балын эсрэг зогсмоор санагддаг юм. Зарим эрчүүд энэ өдөр эхнэрийнхээ нэрийг барьж ханаж цадахаа мэдэхгүй ууна. Тэгээд дуугүй унтаад өгдөг бол бас яая гэх вэ. Сагсуу нэгэн нь уусан архиныхаа аагаар баярлуулах биш гомдоох элбэг. Ганц мартын 8-нд ч биш л дээ. Ер нь ямар нэгэн баяр болсны маргаашнаас сэтгэл сэртхийлэгсэн хэргүүд сонсогддог байдал бүр ёс юм шиг боллоо.

Цагаан сарын дараа ЦЕГ-аас мэдээлэл хийх үеэр "Архи уулаа" гэж үглэлээ хэмээн ээжийнхээ нүүр өөд өшиглөж амийг нь хохироосон. 50 гаруй насны эмэгтэй төрсөн хүүгээ хутгалж хөнөөсөн зэрэг гэр бүл, ахуйн шинжтэй олон хэрэг гарсан. Эдгээр гэмт хэргийн шалтгаан нь ердөө нөгөө архи. Манайхан баяр тэмдэглэхээрээ "За яахав баярын өдөр" гээд л ээж нь хүүтэйгээ, ах нь дүүтэйгээ хаа таарсан хүнтэйгээ хэн хамаагүй уугаад л байдаг болж. Энэ нь эрчүүдээс гадна эмэгтэйчүүдэд ч бас хамаатай юм.

"Баярынхаа өдрөөр яадаг юм уугаа л биз" хэмээн нөхөртөө агсамнаж буй эхнэр хүн ямар олигтой харагдах билээ. Ер нь бол мартын найман чинь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдгийг хүн бүхэн сайн мэднэ. Тиймээс нөгөө жендер яриад байдаг эмэгтэйчүүд талбай дэрээ жагсаад, бусад нь ажлаа хийгээд явж байвал дээр ч юм шиг.

Гэхдээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосныг буруутгаж байгаа юм биш. Хамгийн гол нь манайхан үүнийг эрхийн өдөр гэхээс урьдаар баярын өдөр гэж ойлгодогт байгаа юм. Тэгээд л баярын өдөр ширээн дээр заавал бялуу байх ёстой. Бялуу байхаар нөгөө архи бас байж таарна. Ингээд л асуудал үүсэх нь тэр.

Харин үүнийнхээ оронд гэр бүлээрээ салхинд гарах ч юм уу эсвэл эхнэртээ гарынхаа хоолыг хийж өгөөд гэр бүлээрээ заавал архи, дарс гэдэггүй тэмдэглэдэг бол сайн сан. Нийгэм ингэж хүлээж авахгүй байгаа нь харамсалтай. Тиймээс ЦЕГ-аас мартын 8-нд архи зарахгүй тухай яригдаж байгаа юм билээ. Хэрэв ийм шийдвэр гарвал олон гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн ажил болно доо. Мартын найман үргэлжлээд, цэргийн баяр, эх үрсийн баяр гээд л барагдахгүй их баяр байна.

Гэхдээ энэ баяруудын дунд яг эрчүүдэд зориулсан нэг ч баяр байхгүй. Гэтэл манай эрчүүд хамгийн их уудаг, баярладаг байж болохгүй. Эсвэл өөрт нь хамаагүй өдөр архи уусан хүмүүст илүү хариуцлага тооцдог болмоор ч юм шиг. Тэглээ гээд өөрийнхөө төрсөн өдрөөр архи уу гэсэн үг биш.

Ер нь бидэнд архидаад явдаг цаг дуусчээ. Дэлхий нийтэд Монгол орны баялгийг хүлээн зөвшөөрч буй энэ үед эрчүүд бидэнд хийх ажил их байна. Тиймээс баяраа цөөлж ажлаа нэмэгдүүлэх цаг иржээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж