Барак Обама Ираныг хүчээр буулгана гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Барак Обама Ираныг хүчээр буулгана гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг зогсоохын тулд АНУ цэргийн хүч хэрэглэхээс буцахгүй гэж мэдэгджээ. Гэвч тэрбээр дипломат харилцааг илүүд үзэж буйгаа илэрхийлсэн байна. Түүний мэдэгдлээс өмнө Израйлийн Ерөнхийлөгч Шимон Перес Ираныг дэлхийн аюул гэж хэлж байсан юм. АНУ болон өрнөдийн орнууд Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэж буй гэж сэрдэж буй боловч Тегеран үүнийг няцаасаар байгаа юм. Тус бүс нутагт байдал улам түгшүүртэй болохын зэрэгцээ Израйль Ираны цөмийн байгууламж руу довтолж болзошгүй гэдэг таамаг газар авч байна.  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама саяхан АНУ-Израйлийн гадаад харилцааны нэгэн уулзалтын үеэр “Ираныг барих бодлого манайд байхгүй гэдгийг Ираны эрх баригчид мэдэх учиртай.  Гэвч АНУ-д Ираны цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг зогсоох бодлого бий.  Би Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд АНУ-ын эрх ашгийг хамгаалахын тулд Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхээс татгалзахгүй” гэж мэдэгджээ. Израйлийн эрх баригчид Барак Обамаг Ираны тал дээр маш зөөлөн хандаж байна гэж буруутгаж байгаа бол ардчилагчид түүнийг хэтэрхий хатуу бодлого явуулж байна гэж шүүмжилж буй аж. Гэвч АНУ-ын хамгийн их санаа зовоож буй асуудал нь Ираны цөмийн хөтөлбөр. АНУ Ираны эсрэг явуулж буй эдийн засгийн хоригоо чангатгаж, Төв банк болон Ираны газрын тосны худалдаа хийдэг гурван том компанийн санхүүг боомилж эхэлсэн билээ. Европын холбоо ч мөн Ираны эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж