Яагаад муу засаглалтай компаниуд дампуурдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Яагаад муу засаглалтай компаниуд дампуурдаг вэ?

Монголын хэвлэлийн хүрээ­лэн­гийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб гишүүддээ зориулан компанийн засаглалын тухай ээлжит цуврал сургалтаа өнгөрсөн баасан гаригт явууллаа. Энэ үеэр компанийн засаглал гэж юу болох, хувьцааны талаарх ойлголтуудыг сэтгүүлчдэд өгсөн юм.

Ард түмний хэмээх тодотголтой Анод, зогсолтгүй эргэх хүчний бэлгэдэл Зоос банкны дампуурал Монголын санхүүгийн ертөнцөд гамшигт доргилт үүсгээгүй ч одоо хэр яагаад, яах байсан бэ гэсэн асуултын тэмдэгтэй хэвээрээ бай­гаа. Энэхүү асуултын тэмдэгний нэг нь жил бүр  Монгол банкны аудитын газраас банкуудын үйл ажиллагаагаанд хяналт, шалгалт хийдэг атал яагаад тухайн үедээ тус хоёр банкийг “хэвийн” үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэж байсан бэ гэх асуулт бий.

Олны яриа ортой гэдэг шиг Анод банк  дампуурахаас нэг жилийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр удахгүй дампуурна шүү гэх “шуум”-тай мэдээллүүд цацагдаж байсныг санаж байгаа байх. Банкны төвлөрсөн хөрөнгийн дийлэнх хувийг иргэдийн болон албан байгууллагын хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө үүсгэдэг тус банкныхан тухайн үедээ “…Банкуудын эсрэг явагдаж байгаа мэдээл­лийн зохион байгуулалтай ажил даамжирч, улам идэвжиж иргэдийн банкинд итгэх итгэл суларч, банкны системийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж  Монгол Улсын эдийн засагт хохирол авч ирэх магадлалтай юм. Анод банкны хадгаламж эзэмшигчдэд болон нийт банкуудын хадгаламж эзэмшигч нарт хандан хэсэг бүлэг хүмүүсийн тарааж байгаа сөрөг мэдээлэлд итгэхгүй байж, түр зуурын бэрхшээлтэй байдлыг түргэн хугацаанд арилжааны банкууд нь төр засаг харилцагчдынхаа дэмжлэгтэйгээр даван гарна гэдэгт ит­гэлтэй байхыг уриалж байна” гэ­сэн мэдэгдэл хийж хадгаламж эзэм­шигчдээ тайвшруулж байсан билээ. 

“Тус хоёр банк чанаргүй зээл их хэмжээгээр гаргаснаас болж дампуурах шалтгааны гол үндсэн суурийг тавьсан бөгөөд  бүр нэг хүний нэр дээр олон муу зээл гарч байхад банкны удирлагууд мэдээгүйгээсээ болж дампуурсан. Энэ нь аль аль талдаа хяналт шалгалт муу байгааг  бодит жишээ харуулж  байна” гэж сургалтын үеэр “Бизнесийг дэмжих санаачилга” төслийн мэргэжилтэн Д.Хангал тайлбарлаж байв.

Мөн хэрвээ тухайн банкууд өөрсдөөсөө шалтгаалах хяналт, шалгалтаа өндөр төвшинд байлгаж, хэнд ямар зээл өгч байгаагаа хянасан бол өдийд  ийм үр дүнд хүрэхгүй байх байсан гэж тэрбээр онцолсон юм. Энд мэдээж хэрэг компанийн үйл ажиллагааны нээлттэй ил тод байдал, компанийн засаглалын чадамж онцгой нөлөөтэй гэдгийг тайлбарлаж байлаа. Хувьцаат ком­па­нийн аливаа асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийддэг, дээд эрх барих “байгууллага” бол хувьцаа эзэмшигчид, нийт гишүүдийн хурал байдаг. Компанийн засаглалын ту­хайн мэдээлэл хомс, хувьцааны талаар ойлголт муутай байдгаас хувь­цаа эзэмшигчид буруу шийдвэр гаргах, эрх үүргээ бүрэн эдэлж чаддаггүй нь гол алдаа болдгийг энэхүү сургалтаар онцолж байв. Тиймээс сургалтын үеэр яригдсан зарим нэг ойлголтын талаар уншигч та бүхэндээ танилцуулж байна.

ХУВЬЦАА: Хувьцаа нь хөрөнгө эзэмших эрхийн баталгаа бөгөөд тухайн компанийн өмчийн тодорхой хувийг эзэмшиж буйг илэрхийлсэн баримт бичиг. Хувьцаанаас ноогдол ашиг, бондын гэсэн хоёр төрлийн орлого олох боломжтой. 

НООГДОЛ АШИГ: Тухайн компанийн жил бүрийн ашгийн хуваарилалт бөгөөд хэмжээг нь хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдвэрлэдэг. Хувьцаа нь зөвхөн аз сорьсон наймаа бус хамгийн өндөр ашигтай санхүүгийн хэрэгсэл юм. Хэрэв та нийт 10 мянган ширхэг хувьцаа гаргасан компанийн 1000 ширхэгийг нь эзэмшвэл тус компанийн нийт хөрөнгийн 10 хувийг эзэмшиж байна гэсэн үг. Хувьцааг давуу эрхтэй болон энгийн гэсэн үндсэн хоёр төрөлд ангилдаг. Энгийн хувьцаа нь түүнийг эзэмшигч этгээд компанийн удирдлагад оролцох болон санал өгөх эрхтэй бол давуу эрхтэй хувьцаа нь орлого болон хөрөнгөөс нь төлбөрөө түрүүлж гаргуулж авах онцгой эрхийг эзэмшдэг.

БОНД: Тодорхой хугацааны дараа үндсэн төлбөрийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас.

КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ:
Компанийн засаглалыг энгийнээр хэлбэл компаний удирдлага, түүний ТУЗ, хувьцаа эзэмшигчид талуудын зохистой харилцаа юм. Компанийн сайн засаглал нь хувьцаа эзэмшигчид байж болох хамгийн их өгөөжийг олгох нөхцөлийг бүрдүүлдэг.  Харин хувьцаа эзэмшигчид өөрийн хөрөнгөөр тухайн компанийг хангана. Төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ гишүүдийг сонгоно, чөлөөлнө. ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийг төлөөлнө. Стратеги боловсруулж гүйцэтгэх захиралд чиглэл өгж, хяналт тавина. Харин гүйцэтгэх удирдлага стратегийг хэрэгжүүлж, ил тод тайлагнаж, мэдээлэх үүрэгтэй.

Б.Намуунхур
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж