Монгол, Оросын хувь нийлүүлсэн байгууллага болох УБТЗ-ын удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнгөрсөн баасан, бямба гаригт “Чингис’ зочид буудлын хурлын танхимд боллоо. Төмөр замын 140 гаруй удирдах ажилтан энд цуглаж өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлууд болон, цаашид хийх ажил, алдаа оноогоо хэлэлцсэн юм. Уг хэлэлцүүлгийн эхэнд УБТЗ-ын дарга Т.Очирхүү өнгөрсөн оны ажил, ажлын чанар, жилийн үр дүн болон энэ оны ажлын зорилтын талаар илтгэл тавилаа. Тэрээр уг илтгэлдээ “Өнгөрсөн онд манай байгууллага 18.4 сая тонн ачаа, 3.8 сая зорчигч тээвэрлэж нийтдээ 4.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Өсөн нэмэгдэж буй тээврийн эрэлт хэрэгцээг тасралтгүй найдвартай хангах зорилгоор гол замын 30, сэлгээний долоон, нийтдээ 37 ширхэг зүтгүүрийн вагоныг худалдаж авсан нь тээврийн хэмжээг өсгөжээ. Энэ нь манай байгууллагын техникийн чадамж, үйлчилгээний хурд зэрэгт мэдэгдэхүйц нэмэр болсон нь ойлгомжтой. Мөн ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг ч орхигдуулаагүй олон арван үйл ажлыг хийж хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг жишээ нь “Орон сууцжуулах хөтөлбөр” юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт 600 гаруй төмөр замчдыг ипотекийн зээлд хамруулж орон сууцтай болоход нь бага ч болов тус нэмэр болсон болов уу. Нийтдээ 1800 гаруй км төмөр зам дагнасан өртөө, зөрлөгүүдэд зөвхөн манай ажилчид ч биш тэдний ар гэрийнхний амьдрал ахуй давхар өрнөж байдаг учраас хөтөлбөрийн дагуу уг ажлыг эхлүүлээд байгаа. Харин бид ирэх онд дөрөв орчим сая зорчигч тээвэрлэж, 400 тэрбум төгрөгийн орлого олох төлөвлөгөөтэй байна. Түүнээс гадна зам засварын ажлыг ч гэсэн эхлүүлнэ. Ер нь манай замын байдал төдийлөн сайнгүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Тодруулбал, нийтдээ 1800 км замтайгаас 1000 км нь эх засвар хийх шаардлагатай байгаа. Энэ жилийн хувьд 70 км замын эх засвар, 45 км замын нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөгөөнд оруулчихсан байгаа. Мөн 700 орчим айл өрхийг ипотекийн зээлд хамруулж, орон сууцаар хангаахаар төлөвлөөд байгаа” гэсэн юм. Тус зөвлөгөөний үеэр төмөр замын ажилчдын, тэр дундаа боловсон хүчний талаар багагүй хүндрэл бэрхшээл гардаг талаар ч ярьж байлаа. Энэ талаар УБТЗ-ын мэргэжилтэн Б.Батзориг “Манай сургалтын технологид нэлээд өөрчлөлт шинчлэлтийг хийх шаардлагатай юм болов уу гэж бодогдоод байгаа. Машинистуудын ур чадвар сургалтын арга барил ч гэсэн нэлээд сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн их дээд сургууль төгсч ирж байгаа залуучуудыг бүгдийг нь энэ байгууллага ажилд авах орон тоо алга. Төгсч ирж байгаа оюутнууд бүгдээрээ л Улаанбаатарт ажиллах сонирхолтой байдаг. Хөдөө орон нутагт, өртөө зөрлөгүүд дээр ажиллах хүн байхгүй болчихоод байгаа. Даргын томилгоогоор ажлаа хүлээж аваад л ажилладаг байсан үе нь өнгөрсөн юм болов уу. Хуучин цагт бол тийм л байсан шүү дээ” гэж ярьж байлаа.
Үүнээс гадна Замын-Үүд Эрээнийг дамжин өнгөрөх шат дамжлагыг аль болох чирэгдэлгүй болгох, дамжин өнгөрөхөд шаардагдах техникийн болон хөрөнгө мөнгөний асуудлыг нарийн төлөвлөгөөтэй хийж хэрэгжүүлэх шаардлагатай тухай ч ажилчид ярьж байлаа. Зөвлөгөөн завсарлах үеэр зарим зүйлийг тодрууллаа.
УБТЗ-ын дарга Т.Очирхүү: Манай Засгийн газар 125 сая ам.доллар өгөх ёстой
-Манай салбар байнга алдагдалтай ажилладаг учраас зорчигч, ачаа тээвэрлэлтийн хөрөнгийн эх үүсвэр олддоггүй. Монгол Улсын Засгийн газар 2012 оны төсөвт УБТЗ-ын дүрмийн санд 150 тэрбум төгрөг тусгасан байгаа. Мөн ОХУ-ын Засгийн газартай тохирсны дагуу 125 сая ам.доллар энэ жил манай улсын Засгийн газраас өгөх ёстой. Өнгөрсөн жил ОХУ-ын Засгийн газар 125 сая ам.доллараа өгчихсөн болохоор энэ жил манай Засгийн газар амласан мөнгөө өгөх байх. Үүнээс гадна бид 90 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Нийтдээ 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх юм. Үүнээс гадна Замын-Үүд Эрээнийг дамжин өнгөрөх шат дамжлагыг аль болох чирэгдэлгүй болгохоор хичээж ажиллах болно. Замын- Үүд Эрээнийг холбосон төмөр замыг барих ажлыг эхлүүлсэн байгаа. Нийтдээ 3,5 км замыг хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр 45 хоногийн хугацаанд хийсэн. Одоо Хятадын талаас хийх ажил бас үлдсэн байгаа. Мөн бид дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн вокзал барихаар төлөвлөж байна. Одоо байгаа вокзал нь зөвхөн нэг талаасаа ордог бол бид зорчигсод хоёр талаасаа ордог орчин үеийн вокзал барих төлөвлөгөөтэй байна. Үүнд маш их хөрөнгө шаардлагатай учраас 5-6 жилийн дараа ажил хэрэг болох байх. Орчин үеийн вокзалын зураг төслийг нь бид гаргаад хувийн хэвшилтэй хамтрах бодолтой байна. Учир нь дэлхийн бусад орнуудад хувийн хэвшил нь төмөр замаа дэмжиж ажилладаг. Энэ жишгийг нэвтрүүлэх санаатай байгаа.
УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.А.Домбровский: Валютын ханшийн хэлбэлзлээс шалтгаалж багагүй алдагдал амссан
-Ерөнхийдөө УБТЗ нь Орос, Монголын 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай байгууллага учраас бүх асуудлууд Удирдах зөвлөлийн хурлаар шийдэгддэг. Энэ жилийн болон цаашдын хийхээрөлөвлөсөн олон ажил дээр Оросын тал нааштайгаар дэмжиж ажиллана гэдгээ хэлэх хэрэгтээ юм болов уу. Ерөнхийдөө УБТЗ-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс бүтцийн өөрчлөлт, техникийн чадамжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Ер нь тээвэрлэлтийн тариф бага байдгаас энэ байгууллага байнга алдагдалтай ажилладаг. Үүнийг зогсоохын тулд нэг бол Монголын төр уг алдагдалыг нөхөж өгөх, эсвэл тарифаа өөрчлөхийг нь зөвшөөрөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Өнгөрсөн онд валютын ханшийн хэлбэлзлээс шалтгаалж багагүй алдагдал амссан ч энэ жил илүү ашигтай ажилаж алдагдалаа бага ч болов нөхөхийг хичээж ажиллана.
Х.Гэрэл