Хэрвээ УИХ ээлжит бус чуулганаараа Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадаж гэмээ нь ирэх зургадугаар сард бид УИХ болоод орон нутгийн сонгуулийг нэгэн зэрэг явуулж, шат шатныхаа засаг захиргааг нэг зэрэг сонгочих юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулахаар заасан ч цаг хугацааны хувьд багахан зөрчил үүсээд байгаа.
Тухайлбал, орон нутгийн сонгуулийн хуульд санал авах хугацааг оройн 22.00 цагаар хязгаарласан байхад УИХ-ын сонгуулийн хуульд 20.00 цагаар дуусгавар болгосон байх жишээтэй. Мөн нэр дэвшигчдийг тодруулах хугацаа нь бүтэн 15 хоногоор зөрж байгаа бөгөөд эдгээрийг засч залруулж чадвал хоёр сонгуулийг нэг өдөр явуулах хуулийн заалт бүрэн утгаараа хэрэгжих юм. Эс бөгөөс сонгогчид нэг өдөрт хоёр өөр газар очиж саналаа өгөх, сонгуулийн хэсэг хороодыг ч хоёр тусад нь байгуулах шаардлага гарна гэсэн үг. Иргэн Дорж 20.00 цагаас өмнө нэг хэсгийн хороон дээр очиж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг дугуйлчихаад, 22.00 цагаас урьтаж дараагийн хэсгийн хороон дээр очин аймаг, дүүргийнхээ удирдлагыг сонгоно гэсэн үг. Энэ тоолонгоор хөрөнгө мөнгө, цаг хугацаа урсч, хүн хүчний хувьд ч бэрхшээл тулгарна.
Дээр нь одоо байгаа Орон нутгийн сонгуулийн тухай хуульд сонгогчдын өгсөн саналыг хэсгийн хорооныхон гараар тоолохоор заасан бол УИХ-ын сонгуулийн хуульд машинаар тоолохоор хуульчилсан байгаа. Ганц энэ заалтаас болоод УИХ-ын зарим гишүүн /нам намаар нь нэрлэж улстөржүүлэхэээ болъё л доо/ “соёлын шок“ гээч юманд орж, мэдэхгүй чадахгүйн зовлонд унаад байгаа билээ. Уг нь бол манайхаас бусад бүх улс орон сонгуулийн автоматжуулсан системд шилжиж, сонгогчдын саналыг машинаар тоолдог болоод байгаа. Сая хамгийн сүүлд хойд хөрш маань энэ системээр сонгуулиа явууллаа.
Манайх ч гэсэндээ, сонгуулиас сонгуульд л “Санал луйвардлаа, хулгайллаа. Тэр, энэ хэсийн хороон дээр буруу тоолсон, саналын хуудас хулгайлсан” гэж хэрэлдэж хэмхэлдэж байхын оронд хулгайлдаггүй, луйварддаггүйгээр нь машинаар тоолчиход юу нь буруу байх вэ дээ. Харамсалтай нь, манай гишүүд ийм программ бүхий машиныг дэлхий нийт аль хэдийнэ зохиогоод туршаад, ашиглаад дуусч байгаа гэдгийг ойлгохгүй, тэр машин дотор нь өөрөө орж суугаад тоолох гэж байгаа аятай /хүн хүний тархины багтаамж ондоо шүү дээ, яая гэх вэ/ “болохгүй бүтэхгүй, мэдэхгүй чадахгүй”-н түүс болоод байгаа билээ.
Үүнээс гадна бас нэгэн хачирхалтай ч гэмээр мэдээ дуулдлаа. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хоёр сонгуулийг зэрэг явуулж болохгүй ээ, болохгүй гэж гэдийгээд, чардайгаад, “чармайгаад нүцгэрээд” байсны шалтгаан нь тус намаас орон нутагт сонгогдсон Засаг дарга нар, Иргэдийн хурлынхан нь “Хэрвээ хоёр сонгуулийг зэрэг явуулах юм бол бид лав та нарын сонгуулийн сурталчилгаанд зарагдаж чадахгүй шүү, амь амиа бодоорой” гэж намын дарга, УИХ-ын гишүүдээ дарамталсан гэнэ. Арга ч үгүй биз дээ. Гурван аймаг, нэг дүүргээс бусад орон нутгийн бүх удирдлага МАН-аас томилогдоод байгаа юм чинь. Тэгээд сонгууль болгоноор МАН /хуучнаар МАХН/ аймаг, дүүргийн засаг захиргааг тэр чигээр нь сонгуулийнхаа сурталчилгаа болон сонгууль зохион байгуулах ажилд дайчилж ирсэн учраас. Харин одоо хоёр сонгуулийг зэрэг явуулахад хүрвэл нөгөөх шаталсан тогтолцоо нь алдагдаж орхино.
Тиймээс л УИХ-ын зарим гишүүн “Хоёр сонгуулийг зэрэг явуулах техникийн боломжгүй”, эсвэл “УИХ-ын 400 нэр дэвшигч дээр орон нутгийн 10 мянган нэр дэвшигчийг нэмчихээр энэ ард түмэн чинь яаж саналаа өгөх болж байна, будилж гүйцнэ” гэсэн шалтаг шалтгаануудыг вирусын халдвар шиг нэгээс нөгөөд зөөвөрлөж байгаа билээ. Эсрэгээр нь тэртэй тэргүй жил жилийн орон нутгийн сонгуулиар 10 мянган нэр дэвшигч гаргаж ирээд /яг тухайн тойрогт нь хуваагаад үзвэл арав хүрэхгүй л хүн байдаг л даа, улсын хэмжээгээр л ийм тоо гарч байгаагаас биш/ дундаас нь сонголтоо хийгээд ирж болсон юм чинь үүн дээр УИХ-ын 400-г нэмэхэд /бас л улсын хэмжээнд авсан тоо, нэг тойрогт бол 1-2 л нэр дэвшигчийг дугуйлна/ чанарын нэг их ялгаа гарахгүй.
УИХ дахь МАН-ын бүлгийнхний удаа дараагийн тулгалтад орж, нуруугаа авсан Ардчилсан намын бүлгээс энэ удаа бас л “Хэрвээ орон нутгийн сонгуулийг бүхэлд нь УИХ-ын сонгуультай хамтатгаж чадахгүй гэж байгаа бол ядахдаа аймаг, нийслэлийнхээ сонгуулийг хамтад нь явуулья, 2000 хүний л асуудал шүү дээ. Аргаа барахад сум, дүүргийнхээ сонгуулийг баг хорооныхтойгоо хамт намар явуулна биз” гэсэн ээлжит буултаа хийгээд байгаа гэсэн. Өнгөрсөн долоо хоногт энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгээс хариу өгөөгүй, намын бүлгийн дарга нь лав эзгүй байсан гэнэ лээ. Өнөөдөр эрх биш хуралдах байлгүй.
Тиймээс хэрвээ ирэх сонгуулийг эрүүл саруулаар, будилаан маргаангүй явуулья гэвэл хууль дүрмийн зөрчил, машин техникийн хүчин чадал садаа болох биш, хувь хүний хүчин зүйл, гишүүдийн эр зориг л юу юунаас илүү хэрэгтэй болж байна. Эсрэгээрээ “сонгуулиа ч зэрэг явуулахгүй, саналаа ч машинаар тоолохгүй. Сонгогчид босдог юм бол зэвсэгт хүчин нь манайд байна” гээд суугаад байвал тэр л биз дээ. Эрх мэдэл нь тэдэнд байгаа юм хойно. Гэхдээ эрх биш хууль дүрэм гэж байна. Эрх барьж байгаа намд хууль үйлчилдэггүй байлаа гэхэд иргэд сонгогчдод бас сонгохгүй байх эрх нь бий шүү дээ.