Хотын даргыг Засгийн газрын гишүүнтэй адилтгана

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Хотын даргыг Засгийн газрын гишүүнтэй адилтгана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Тус байнгын хороогоор  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэж байна.
Хуулийн төсөлд Улаанбаатар хотын Засаг даргыг Засгийн газрын гишүүний, дүүргийн Засаг даргыг аймгийн Засаг даргын, хорооны Засаг даргыг сумын Засаг даргын хэмжээнд эрх үүргийг нь адилтгаж, нэг шат ахиулахаар тусгажээ. Ингэж эрх үүргийг нь нэмэгдүүлэх болсон үндэслэлээ Шадар сайд М.Энхболд “Нийслэлд хүн амын төвлөрөл бий болж, Сонгинохайрхан дүүрэг гэхэд 250 мянган хүн амтай болсон байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, 2-3 аймгийн хүн амтай дүйх хороог нийслэлийн дүүргийн Засаг дарга удирдаж байгаа. Энэ утгаар нь эрх үүргийг нь нэмэгдүүлэхээр болсон” гэсэн тайлбар хийлээ. Харин УИХ-ын гишүүд Засаг дарга нарын эрх үүргийг ингэж нэг шатаар ахиулсныг шүүмжилж, тусгай вант улс байгуулах гээгүй юм бол, ийм шат ахиулах хэрэг байхгүй. Тэгээд ч Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно” гэж шүүмжилж байна.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд санал хураалт хараахан явуулаагүй байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж