Тедди Ринье манай Спортын төв ордонд алхаж яваа нь энэ. Тэр Монголын жүдочдын хөлс хүч шингэсэн дэвжээнээ хэсэг хугацаанд “амьдрах”-аар монголд иржээ. Монголын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр багийнхныхаа хамт тал нутагт маань зочилсон супер стар 22-хон насандаа жүдогийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Риньегийн гайхалтай амжилтын товчоонд олимпийн аварга гэх цол л дутуу. Олимпийн татамид анх гарахдаа Бээжингээс хүрэл медальтай ирсэн тэрбээр ирэх зуны Лондонгийн олимпоос зөвхөн алтан медаль зүүхээр тэмүүлж буй. Хэрэв чадахгүй бол яах вэ? Энэ асуултад Ринье “Үнэхээр хар дарсан зүүд мэт санагдаж байна. Олимпийн алт бол миний мөрөөдөл” хэмээн хариулжээ.
17-хон настайгаасаа эхлэн олон улсын тэмцээнд зодоглож, тухайн жилдээ Европ тивийн аварга болсон Риньегийн хувьд олимпийн алт гэдэг багагүй хугацаанд хүсч мөрөөдсөн зүйл нь гэдэг. Тивийн аваргад түрүүлснээс хойш ердөө ганцхан жилийн дараа буюу 2007 онд тэр хүнд жинд түрүүлсэн хамгийн залуу дэлхийн аварга болсон юм. Тэр одоо дэлхийн таван удаагийн аварга.
Жүдогийн татамигаас гадуур тэр дөрвөн дугуйт унаж, цанаар гулган, R&B, хип хоп сонсох дуртай бөгөөд Jay Z, 50 Cent, Akon-ы үнэнч сонсогч билээ.