Түүнчлэн Европын стандарт, хэм хэмжээг бүх салбар, шатанд нэвтрүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. Энэ нь засаглалыг сайжруулж, төр, нийгмийн харилцаа болон аливаа мэдээллийг ил тод, нээлттэй, шударга болгох, аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, Хөрөнгийн биржийг олон улсын жишигт хүргэх гээд бодлого нь тодорхой, бизнес эрхлэх орчин нь таатай байлгах зорилготой холбоотой. Энэ бүхнийг бодит үр дүнд хүргэхэд “Монгол Улс 2012” тайлан чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд хэллээ.
Манай улс хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжсэн бодлого тууштай хэрэгжүүлж ирсний дүнд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал 2011 оны эцсийн байдлаар энэ хэмжээ 6 тэрбум ам.долларт хүрчээ. Түүнчлэн Засгийн газар үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын 30 орчим хувь буюу 9 гаруй их наяд төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх зорилт тавьсан юм.
Манай улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17,3 хувьтай гарч энэ өсөлт цаашид ч хэвээр хадгалагдах, нэмэгдэх төлөвтэй байна. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2021 онд 9 мянга гаруй ам.долларт хүрнэ гэсэн тооцоог ч Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо гаргаад байгаа юм. Энэ мэтээр эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх ямар боломж байгаа зэргийг “Монгол Улс 2012” тайланд дэлгэрэнгүй тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.