Түвдийн үймээнд Далай ламыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

Түвдийн үймээнд Далай ламыг буруутгав

Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн Зя Цинлинь (Jia Qinglin) хөөгдмөл амьдралд байгаа Далай ламыг Түвдийн үймээнийг зохион байгуулагч хэмээн буруутгасан тухай Agence France-Presse мэдээллээ. Тэрбээр “Далай ламын бүлэглэл нь Түвд ба түвдүүд суудаг бусад мужуудад үймээн зохион байгуулж байгаа” хэмээн мэдэгдсэн бөгөөд Засгийн бүхий л төвшинд ард түмэнтэй эв нэгдлээ бэхжүүлэн байгаа бүх хэрэгслээ ашиглан Далай лам ба түүний талынхны төлөвлөгөөг таслан зогсоохыг уриалжээ.

Зя Цинлинийн уриалга нь Түвдийн яруу найрагч, блогчин Цэрэн Базарыг (Tsering Woeser) гэрийн хорионд цагдсаны дараа гарчээ. Түүнийг Бээжин дэх Голландын Элчин сайдын яаманд очиж, жонон Краузерийн шагналыг гардан авахыг нь хориглосон юм. Базар 2008 оны Түвдийн эсэргүүцлийн талаар блогтоо дэлгэрэнгүй бичсэнийхээ төлөө шагнал авах ёстой байжээ. Энэ цагаар Энэтхэгийн “The Times of India” сонин Хятадын эрх баригчид Түвдэд интернэтийг таслан хорьсон тухай бичиж байна. Энэ сарын 5-нд эхэлж байгаа Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулганы үеэр эсэргүүцэл гарна хэмээн интернэтийн хориг тавьсан ажээ.

XIV Далай лам БНХАУ-ын цэрэг Түвдийг эзэлсний дараа 1959 онд Энэтхэгт дүрвэн гараад амьдарч байна. Дээрхийн гэгээнтэн 2011 онд Түвдийн хөөгдмөл Засгийн газарт улс төрийн удирдлагаа дамжуулан зөвхөн шашны лидер болсон юм. Хятад Түвдийн шашины засаглалыг шинэ Далай ламыг тодруулах  замаар хийнэ гэж байгаа нь сүсэгтэн олны эсэргүүцлийг гаргаж байна. Далай лам өөрөө мэдэгдэхдээ түүний хойд дүр Хятадаас тодрохгүй гэсэн билээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж